АЗИ-ЕВРОПЫН УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2015-08-27

АСЕМ нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа бөгөөд 2 жил тутамд хуралддаг. 1996 онд 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Ази-Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэн өргөжжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан 7 дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол улс АСЕМ-ын гишүүнээр элссэн.

АСЕМ-ын гишүүн орнууд
ASEM

Өнөөдрийн байдлаар Европын бүлгийн зохицуулагчаар Европын Холбооны Гадаад харилцааны алба, Итали улс, АСЕАН-ы дэд зохицуулагчаар Малайз, Зүүн Хойд болон Өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчаар Монгол улс ажиллаж байна.

АСЕМ-ын үйл ажиллагаа

АСЕМ нь уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын эдийн засгийн байдал зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлуудад анхаарал хандуулахаас гадна, хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарт ач холбогдол өгсөөр ирсэн. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны тулгуур гэж үздэг.

АСЕМ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл

Улс төрийн хамтын ажиллагаа: Олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, үй олноор хөнөөх зэвсэг, улс хоорондын шилжих хөдөлгөөн, хүний эрх, даяаршлын үр нөлөө зэрэг асуудалд голлон анхаардаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа: Олон талт хамтын ажиллагааг дэмжих, олон улсын санхүүгийн системийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүү, мөнгөний салбарт Ази-Европын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Нийгэм, соёлын хамтын ажиллагаа: Соёлын солилцоо, иргэдийн солилцоо, олон нийтийн асуудлууд гэсэн үндсэн чиглэлүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Ази, Европын ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилт тавьсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд соёл иргэншил хоорондын, шашин хоорондын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх асуудалд түлхүү анхаарч байна.

Хамтарсан төсөл хөтөлбөрүүд 

Гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлэх нь АСЕМ-ын үйл ажиллагааны гол хэлбэр юм. Одоогийн байдлаар улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм, соёлын салбарт 41 санаачилга хэрэгжиж байна. Тухайлбал: Ази-Европын залуу удирдагчдын форум, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Мэдээллийн технологи, холбоо харилцааны хөтөлбөр, Их дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам зэргийг дурдаж болно.

Ази-Европын сан

Ази-Европын сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан. АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институци юм. Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдсэн захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн үйл ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг.

Ази-Европын сангийн санхүүжилт 

Ази-Европын сан нь AСЕМ–ын гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг. Хэдийгээр сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхээ гишүүн орнууд сайн дурын үндсэн дээр шийдэх эрхтэй боловч сангийн үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс хандив өргөх нь гишүүн орнуудын ёс суртахууны болон улс төрийн үүрэг гэж үзэх болсон. 2006 онд Финляндын Хельсинки хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтаас Ази-Европын сангийн санхүүгийн тогтвортой байдлын тухай баримт бичгийг батлан гаргажээ. Уг баримт бичгийн дагуу гишүүн орнуудыг А, В, С гэж гурван түвшинд хуваан, хандивын хэмжээг 3:2:1 гэсэн харьцаатай байхаар заасан бөгөөд бага орлоготой Камбож, Лаос, Мьянмар зэрэг орнуудад С түвшний хандивын 80 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон байна. Сан өөрийн жилийн зардлын төсвийг урьдчилан тооцоолоод түвшин тус бүрт хэдий хэмжээний мөнгө ногдохыг тооцон гаргаснаар гишүүн орнууд өөрсдийн сонгосон түвшний хандивыг өгдөг байна.

Ази-Европын хамтын ажиллагаа 

AСEM-ын чуулга уулзалтад албан бус нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, талууд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг давуу талтай. Энэ нь санал зөрүүтэй асуудлаар харилцан зөвшилцөх боломж олгож, улс орнуудын байр суурийг ойртуулж, туршлага, мэдлэг арга барилаа солилцох боломж олгодог байна. Тухайлбал: Европын холбооны улсуудын хөгжлийн нэгдмэл зарчмын давуу болон сул талыг Азийн тал судлахад нээлттэй бол Ази дахь бүс нутгийн хөгжил Европынхны сонирхлыг татдаг. Ази, Европын уулзалт нь хоёр тивийн харилцааг хамтын чармайлтаар өөрчлөн хөгжүүлж, хоёр тивийн хөгжлийг илүү өргөн цар хүрээнд харах боломжийг олгодог. Үйл ажиллагааны хувьд засгийн газрууд болон парламент, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн салбарыг хамардаг. Европын холбоо болон түүний гишүүн орнууд 2014 оны Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж Европ, Азийн харилцаа холбоог бэхжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү үүрэг ирэх онд Монгол улс болон Азийн талд ногдож байна.

АСЕМ ба Монгол улс

2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 7 дахь чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч анх удаа оролцож, энэ хурлаар Монгол улс АСЕМ-ын гишүүн болсон. 2008 оноос хойш 2010, 2012, 2014 онд болсон Дээд түвшний 8, 9, 10 дахь уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. АСЕМ-ын үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцох нь манай улсын олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой.

Монгол Улсын оролцоо

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ихээхэн анхаарч буйг илэрхийлж, цөлжилтэд улам бүр нэрвэгдэж буй говь нутагт засгийн газрын тусгай хуралдааныг зохион байгуулсан, улмаар уг хуралдаанаас олон улсын хамтын нийгэмлэгт хандан илгээлт гаргасныг мэдээлсэн. АСЕМ-ын Дээд түвшний сүүлийн гурван уулзалтын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

– Эдийн засаг, санхүүгийн асуудлууд
– Дэлхий дахиныг хамарсан асуудлууд
– Нийгэм, соёлын хамтын ажиллагаа
– Бүс нутгийн асуудлууд
– АСЕМ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага
– Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хэлэлцүүлэгт оролцож, Монгол улсын байр суурь, АСЕМ-ын хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон.

АСЕМ-ын түвшний уулзалтууд

Дээд хэмжээний уулзалт: Хоёр жил тутам болдог бөгөөд АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог. Монгол улс 2008 онд Бээжин хотноо болсон уулзалтаас оролцож эхэлсэн.

Гадаад хэргийн сайд нарын уулзалт: Дээд хэмжээний уулзалтуудын хооронд болдог. Улс төр болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ АСЕМ-ын үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах үүрэгтэй.
Санхүү, эдийн засаг, байгаль орчин, соёл, хөдөлмөрийн сайд нарын уулзалт: Тогтмол хугацаанд болж холбогдох салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг.
Ази, Европын ард түмний форум: Хоёр тивийн иргэний нийгмийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгуулагдсан.

Ази, Европын бизнес форум: АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болдог.
Ахлах албан тушаалтнуудын уулзалт: Дээд хэмжээний уулзалт, сайд нарын хуралдааны бэлтгэл хангах, түншүүдээс дэвшүүлж буй хамтын ажиллагааны саналуудыг судалж, АСЕМ-ын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй бөгөөд жилд 2-3 удаа хуралддаг.

Premium Wordpress Themes by UFO Themes