АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн Г.А.Уэльсийн Айлчлалын Төрийн Хамгаалалт, Үйлчилгээ

Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльс 1944 оны 7 дугаар сарын эхээр Хятад улсад айлчлаад буцах замдаа Улаанбаатарт бууж 2 хоног зочилсон нь тус улсад айлчилсан хөрөнгөтөн орны анхны том зочин байлаа.

Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльсийг угтахдаа ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуайг хотын дарга болгож, Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Дамбыг албан ёсны үйлчлэгчээр, эрдэмтэн Б.Рэнчинг орчуулагчаар ажиллуулжээ.

Дэд Ерөнхийлөгчид ДЯЯ-ны Хэлтсийн дарга Б.Болд, Гомбосүрэн нарыг ахлах дэслэгч цолтой формоор хувцаслан хамгаалагчаар томилон ажиллуулжээ.

Г.А.Уэльсийг Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын Зис 101 машинаар, Засгийн газрын Нүхтийн амралтын хоёр давхар дүнзэн байшин, дэргэд нь барьсан 12 ханатай Монгол гэрт байрлуулж, хамгаалж үйлчилжээ.

Дэд Ерөнхийлөгч өдрийн цагт гэрт, шөнө байшинд хоноглож Гандан хийд, Биокомбинат, Улсын их сургуульд зочилж, тэнд 2 микроскоп бэлэглэж өгөөд, орой нь Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжиг үзжээ.

Г.А.Уэльс нутаг буцахаар онгоцоор хөөрсөн боловч цаг агаарын байдлаас болж буцаж ирээд Гандан хийдээр зочилж дахин нэг хоноод явжээ.

Дэд Ерөнхийлөгчийн явах замын дагуу болон очих газруудад нь байнга хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зохиож, шөнийн цагт байрных нь гадна талд аюулаас хамгаалах газрын офицеруудыг ахлагчийн дүрэмт хувцас өмсгөн, автомат буугаар зэвсэглэн хамгаалуулсан байна. Энэ удаагийн хамгаалалт үйлчилгээнд манай офицер ажилтнууд өндөр хариуцлага, сонор сэрэмжтэй, үндэсний ёс заншлыг харуулан ажилласан байна.

Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльс Монголд айлчилснаар манай орны тухай америкчууд ямар нэг ойлголттой болж авчээ. Дэд Ерөнхийлөгчөөс Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Рузвэльтэд бичсэн тайландаа: “Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа мундахгүй байна. Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй зүйл боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл. Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” гэжээ. Энэ дүгнэлтийг хийхэд цэргийн ангиудаар очоогүй тэдний хувьд манай ажилтнуудын байдал, төрх, үйл ажиллагаа тодорхой нөлөөлсөн гэж үзэж болох юм. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн энэхүү тайлан Монгол Улсын статус квог хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргахад АНУ, Англи улсуудад тодорхой нөлөө үзүүлсэн бөгөөд төрийн тусгай хамгаалалт, үйлчилгээ өөрийн улсын нүүр царай болж, гадны зочид төлөөлөгчдөд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэгийн нэг баталгаа юм.

Premium Wordpress Themes by UFO Themes