Танилцуулга

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

              ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар нь Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол улсын хууль бусад хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор, хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.

                      Төрт ёсны баялаг уламжлалтай Монгол Улсад төрийн хамгаалалт , үйлчилгээний алба эртний түүхтэйг тогтоосон түүхэн баримт элбэг бий. Тэр цагт тагнуулын үйл ажиллагааны чухал хэсэг нь засаг төрийн хаад, ноёдын хамгаалалтын алба байсныг түүхчид бүр Хүннүгийн үеэс хөөн тайлбарлаж иржээ. Эзэн Чингис хааны үед хамгаалалтын албыг тусгайлан байгуулж, эрх үүргийг нь тогтоосон тухай Монголын түүхэн сурвалж бичиг болох Нууц товчоонд тод томруун тэмдэглэсэн байдаг. Тэнд ” …хорчин, торгууд, хишиг/ЭЭЛЖ/-ТЭН орж, өдрийн хамгаалагчид зүг зүг мөр мөртөө явж, нар шингэхээс өмнө хэвтүүлд зайлж, гадна гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд буурч нар уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч, ажлаа хийсүгэй. Ээлж, хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв…”гэхчилэн өгүүлжээ.

                    Энэ зарлигаас хамгаалалт нь орон байрны, орчны, шадар, хүнсний олон төрөл зүйлтэй байсан нь харагдаж байна. XX зууны эхээр Монгол Улсад эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөж, үүний үр дүнд 1911 онд Монгол Улсыг тунхаглаж VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилсний дараа Халх 4 аймгаас татаж Нийслэл хүрээний орчим төвлөрүүлсэн байсан цэргээс 200 орчмыг шилэн авч “Шадар цэрэг” хэмээн нэрлэж Богд хааны ордон, төрийн яамдыг хамгаалж хааны зорчих, ёслолын арга хэмжээнд оролцох үед шадарлан хамгаалах үүрэг гүйцэтгэж байв. Ардын хувьсгалын явц хийгээд ялалтын дараа төрийн тусгай хамгаалалтын албаны асуудал нэн ээдрээтэй байж хувьсгалын удирдагчид улс орны удирдлагыг хамгаалах асуудлыг янз бүрийн хэлбэрээр шийдэж байжээ.

                       1937-1938 оны үеэс төрийн дээд, чухал албан тушаалтнуудыг бие хамгаалагчтай болгох, Засгийн газар ордон /тэр үеийн/ зэрэг объектын хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн үүний зэрэгцээ төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, аж ахуй үйлчилгээний салбар шинжилгээний лабораторийн эх суурийг тависан байна. 1937 оноос Ерөнхий сайдын орлогч, ДЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсангийн амь насыг хамгаалах үүрэгтэй бие хамгаалагчдаар ДЯЯ -ын эдийн хэлтсийн ажилтан Намжил, улс төрийн ажилтан Майдар, эсэргүүцэн тагнах хэлтсийн ажилтан Дэмбэрэлсүрэн нарыг томилсноор шинэ үеийн төрийн тусгай хамгаалалтын албаны үндэс тавигдсан юм. 1940 онд МАХН – ын Төв Хорооны нарийн бичгийн дарга ,Бага хурлын тэргүүлэгчдийн дарга нарыг хамгаалах хамгаалалтын хэсэгтэй болжээ. Улмаар ДЯЯ-ны жинхэнэ орлогч сайдын 1941 оны 469 тоот тушаалаар ДЯЯ-ны 1 дүгээр хэлтсийн хамгаалалтын тасгийг өргөтгөж, хэлтсийн орлогч даргаар удирдуулан түүнд тусгай харуулын суман, лаборатори комиссаруудыг харъяалуулж, хэлтсийн орлогч даргаар хошууч Намжилыг томилон ажиллуулжээ. ДЯЯ-ны 1942 оны 183 тоот тушаалаар нам, засгийн удирдагчдыг хамгаалах хэсгүүдийг /группуудыг/ 1-р хэсгээс тусгаарлаж тусгай хэлтэс байгуулан ажиллах болов.

               Хамгаалалтын алба нь тусдаа байгуулагдаад удаагүй ч 1938-1947 онд нам засгийн удирдагчдыг Халхын голын район дахь фронтын байдалтай танилцах, дайчидтай уулзах, Монголын Баруун хязгаарт үүрэлж байсан хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспантай уулзаж, хэлэлцээр хийх, чөлөөлөх дайны сүүлчээр Жанчхүүгийн даваа, Жэхэ хот зэрэг газарт очиж байлдаж байгаа цэрэг дайчидтай уулзах зэрэг онцгой нөхцөлд өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж ирсэн байна.

                  Дайны дараагаар Хамгаалалтын алба шинэ нөхцөл байдалд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх болов. 1950-аад оны сүүлчээс эхлэн манай улсын гадаад харилцаа өргөжиж, Монгол оронд айлчлах дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн тоо үлэмж олширч тэдний үйлчилгээ нэмэгдсэн, Их тэнгэр цогцолбор ашиглалтанд орсон зэрэг шалтгаанаар тусгай хамгаалалтын объектын цар хэмжээ өсөв. Үүний сацуу хамгаалалт, үйлчилгээний орон тоо нэмэгдэж материаллаг бааз ч ихээхэн бэхжив. Хамгаалалт, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх, материаллаг баазыг сайжруулахад ЗХУ-ын мэргэжил нэгт нөхөд ихээхэн тус дэмжлэг үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй. Түүний үр дүнд 1960-1970-аад онд тусгай хамгаалалт үйлчилгээний алба мэргэжлийн боловсон хүчнээр сайн хангагдсан байна.

                   МАХН – ын Төв Хорооны УТТ-ны 1982 оны 56 дугаар тогтоолоор, НАХЯ-ны 3 дугаар хэлтэс буюу тусгай хамгаалалтын албыг газар болгон өргөтгөжээ. 1990 оны Ардчилсан хөдөлгөөнөөр тусгай хамгаалалтыг эрхэлж байсан НАХЯ-ыг татан буулгах, тусгай хангамжаас татгалзахыг уриалах болсноор БНМАУ-ын СнЗ-ийн 1990 оны 54 дүгээр тогтоол гарч эрх баригчид болон гадаадын зочдод үйлчлэх зориулалттай байр зочид буудлууд, тусгай автобааз, бусад салбар нэгжийг, Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн эрхлэх газарт шилжүүлэв.

                    НАХЯ-ны сайдын 1990 оны Б/64 тоот тушаалаар энэ үеийг хүртэл тусгай үйлчилгээ, хангамж, хамгаалалт эрхэлж байсан НАХЯ-ны 3 дугаар газрыг 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж хамгаалалтын алба болгов. УИХ-ын 1995 оны хаврын чуулганаас “Төрийн тусгай хамгаалалтын тухай” хууль батлагдаж, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдсөн нь Төрийн тусгай албаны хөгжлийн шинэ үеийн эхлэл болов.

               “Төрийн тусгай хамгаалалтын тухай” хууль батлагдсанаар хамгаалалтын ажлын эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн төдийгүй зохион байгуулалтын шинэ үндэслэлийг тавьсан. Уг хуулийн дагуу Засгийн газрын 127 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газрыг харьцангуй бие даалган байгуулж шинэ гарсан хуулийг хэрэгжүүлэх талаар нилээд арга хэмжээ авсан юм. Засгийн Газрын 2003 оны 106 дугаар тогтоолоор “Их тэнгэр Цогцолбор”-ыг бүхэлд нь тус газрын харъяанд 2011 оны 312 р тогтоолоор Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээг тус тус шилжүүлснээр хамгаалалт, үйлчилгээ иж бүрэн байх шаардлага хангагдсан юм.

Premium Wordpress Themes by UFO Themes