БНМАУ-ын Ерөнхий Сайд, Маршал Х.Чойбалсангийн Төрийн Хамгаалалт

Халх голын байлдааны үед Зөвлөлтийн улаан арми, Монгол ардын цэрэгтэй нягт хамтран, шийдвэрлэх цохилтыг өгсөн билээ. Энэ үед маршал Х.Чойбалсан Халх голын фронтод очиж байлдааны ажиллагаатай танилцаж, Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиудаар явж дайчидтай уулзан гавъяа байгуулсан офицер, байлдагчдад шагнал гардуулж, ерөнхий давшилтын төлөвлөгөөний талаар 57 дугаар тусгай корпусын командлагч Г.К.Жуковтой зөвлөлдөх үед түүнийг хамгаалах ажиллагаа дайны үеийн онцгой нөхцөлд зохион байгуулагдаж байжээ. Маршал Х.Чойбалсанг фронтод очиход армийн тусгай хэлтэс бүрэлдэхүүнээрээ бие хамгаалагчаар комиссар Ж.Намжил, С.Банзрагч, Ө.Сэнгэдорж, Г.Хаянхярваа, тус яамны хариуцлагатай ажилтны тусгай групп, БХЯ-ны жанжин штабын офицерууд Ж.Лхагвасүрэн жанжны командын дор хамгаалалтад хамрагдаж байжээ. Хамар даваан дахь 57 дугаар тусгай корпусын командлагч Г.К.Жуков жанжны командын байрыг хүч нэмэгдүүлэн хамгаалж, тэнд сөнөөгч онгоцны эскадриль, зенитийн их буу, пулемётын батарейг өнгөлөн далдалж, жижүүрлүүлэн, байрны орчинд хүнд, хөнгөн хуягт машинуудыг нуувчинд байрлуулсан байжээ. Энэхүү хамгаалалтыг Г.К.Жуков, түүний орлогч Ж.Лхагвасүрэн нар хариуцан Зөвлөлт, Монголын цэргийн ангиудын хүчээр зохион байгуулжээ.

Маршал Х.Чойбалсанг цэргийн ангиудаар явахад нь Бьюик, М-1 суудлын авто машин хөлөглүүлэн, байлдааны хуягт машинаар дагаж, агаараас хамгаалж байсны дээр фронтын тэргүүн шугамд хөнгөн хуягт машинд суулган явуулж байжээ. Энэ нь байлдааны талбарт нам, засгийн тэргүүнийг үлэмж зэвсэг, техник хэрэглэн хамгаалсан анхны том хамгаалалт байсан бөгөөд шинээр байгуулагдсан манай хамгаалалтын алба үүргээ сайн биелүүлжээ.

ДЯЯ-ны сайдын 1940 оны 466 дугаар тушаалд “Монгол улсын төрийн дээд эрхийг барих Улсын 8 дугаар их хурал энэ 6 дугаар сарын 20-нд нээгдэн хуралдах тул нам, засгийн удирдагчид ба хурлыг хувьсгалын эсэргүү дайснуудын элдэв хор аюулаас хамгаалахын тулд их хурлыг эхэлсэн өдрөөс дуустал нь тусгай хамгаалах группийг зохион байгуулахыг 3 дугаар комиссар Осоржав, хамгаалах тасгийн дарга ахлах лейтенант Шархүү нарт даалгаж, хамгаалах группэд аюулаас хамгаалах газар, хэлтсүүдээс 30 хүнийг 2 ээлж болгон зохион байгуулж, хамгаалалт хийхийг заасан” байна.

Мөн 1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурлын хамгаалалтад гүйцэтгэх хэлтсүүдээс 33 ажилтныг татан авч 15 хоног ажиллуулж, элдэв аюул осолгүйгээр өнгөрүүлсэн зэрэг нь тус албанаас зохион байгуулсан анхны томоохон хамгаалалтууд байлаа.

Premium Wordpress Themes by UFO Themes