БНМАУ-ын Төрийн Хамгаалалтын Алба Байгуулагдсан нь

Монгол улсын гадаад, дотоод улс төрийн байдал 1930-аад оны үед нэлээд төвөгтэй болж Япон зүүн хойд Хятад, Манжуур, Өвөр Монголыг эзлэн авч Манж-го хэмээх тоглоомын улсыг байгуулж өөрийн цэрэг, тагнуулын салбарыг Монгол улсын хилийн дагуу байрлуулан, улмаар дорнод хилийн Булан дэрс, Адаг дулаан, Халхын сүмийн чиглэлээр удаа дараа хил зөрчиж, манай хилчдийн тэмцэлтэй тулгаран хөөгдөн гарч байлаа. Үүний зэрэгцээгээр Японы тагнуулууд улсын хилийг зөрчин баригдах нь олширсон төдийгүй Японы түлхээсээр Өвөр Монголын айл өрхүүд улсын хил зөрчиж нүүдэллэн ирж нутаглах зэргээр манай орны гадаад нөхцөл байдлыг ихэд хүндрүүлж байв.

Иймд ДХГ-аас “… хамгаалан сэргийлэх явдлыг нарийн чанд болгохын тулд ДХГ-аас эрхлэн нам, эвлэлийн Төв хороод, Улсын хянан байцаахын дарга нар, Улсын бага хурлын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид нам, эвлэлийн Төв хороод, Засгийн газрыг…” цэргийн харуултай болгож тусгай хамгаалалтанд оруулах санал төлөвлөснийг 1932 оны 3 дугаар сарын 28-нд Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нар 16 дугаар хурлаас ёсоор болгожээ.

Цагдан сэргийлэх газрыг ДХГ-ын мэдэлд шилжүүлж 1932 оны 2 дугаар сарын 23-нд тус газрын даргын 66 дугаар тушаалаар цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст захируулснаар харуул хамгаалалтын асуудлыг тус хэлтэс, гүйцэтгэх ажил, хамгаалалтыг нууц улс төрийн хэлтэс эрхлэх болсон байна.

Түүнчлэн дотоодод 1932 онд баруун дөрвөн аймагт хувьсгалын эсэргүү бослого гарч сумын захиргаа, сургууль, хоршоог галдан шатааж, намын гишүүд, идэвхтэнүүдийг тамлан егүүтгэж байлаа. Энэ үед Японы тагнуул, хувьсгалын эсэргүү бүлгэм гэгчийг удаа дараалан илрүүлж, үй олноор нь хоморголон баривчилж, устгах ажил ид явагдаж байв. Монголын өмнөд болон баруун хилийн дагуу амьдардаг нутгийнхан хувьсгалын эсэргүү сурталчилгаанд автагдан нутаг орноо орхин хилийн чанадад дүрвэн гарсаар байв. Энэ үед баригдсан зарим хүний мэдүүлэг болон гүйцэтгэх ажлын шугамаар нам, засгийн удирдагчдын амь насанд халдаж болзошгүй байгаа тухай мэдээлэл авагдах болсон байна.

ДХГ-ын Нууц улс төрийн хэлтэс нь нам, засгийн удирдагчдын аюулгүй байдлыг хангах үүргийг объект болон шугамын хэлтсүүдтэй хавсран гүйцэтгэхдээ тэдний орон байр, зам машрутын дагуу орших объект газрууд, айл өрх, иргэд, найдваргүй элементийн дотор эсэргүүцэн тагнах ажил зохиож байжээ.

БНМАУ-д халдан довтлох бэлтгэл ажлаа Японы түрэмгийлэгчид идэвхжүүлсэн учир ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил “Байлдааны үед Засгийн газрыг хамгаалах төлөвлөгөө” боловсруулсныг 1935 оны 12 дугаар сард ДХГ-ын дайчилгааны комиссын анхдугаар хурлаар зөвшөөрч улмаар “БНМАУ-ын Нам, засгийн удирдагч нарыг хамгаалах тухай төлөвлөгөө”-г Нууц улс төрийн хэлтэс зохиожээ. Түүнд нам, төрийн удирдагчдын хамгаалалт байнгын бус байгааг онцлоод Улсын Бага хурлын дарга А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Ерөнхий сайдын орлогч сайд Х.Чойбалсан, Т.Дэмид, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир, Д.Лувсаншарав, Лувсандорж, тэргүүлэгч гишүүн Д.Намсрай, Мэнд, Яндаг, О.Дашчирав нарыг хамгаалалтанд авах, хамгаалалтыг гүйцэтгэх ажлын хувьд Нууц улс төрийн хэлтэс голлон бусад хэлтсүүдээс оролцож явуулах. Үүнд: Нам төрийн удирдлагын дэргэдээс найдваргүйд тооцогдох хүнийг холдуулах, хамгаалах объектын дэргэд ажиллаж байгаа хүнийг (жолооч, галч, манаач, зарлага, тогооч, хэрэг хөтлөгч, нарийн бичгийн дарга болон сонирхол татагч этгээд) гүйцэтгэх ажлын хяналтанд авахаар тогтжээ. Үүний тулд:

  1. Жолооч, галч, манаач зэрэг хүмүүсийг бүртгэх, түүхт байдлыг УАХБ, Цагдан сэргийлэхийн шугамаар хянаж тодруулах, сэжигтэй хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэн холдуулах …;
  2. Өмнө нэр дурдсан ажилд орох хүнийг урьдчилан УАХБ-аас хянаж үзэх;
  3. Объектын    ойролцоох байгууллага, орон байранд найдваргүй гэж үзэх сэжигтэй хүнийг үл суурьшуулах;
  4. Объекттой уулзах хүнд хяналт тавихаар заасан байна.

Улс хувьсгалын 16 жилийн ойн баярын өмнө 1937 оны 7 дугаар сард ДЯЯ-ны орлогч сайд бөгөөд Улсыг аюулаас хамгаалах газрын даргын шийдвэрээр тус яамны Эдийн засгийн хэлтсийн ажилтан Ж.Намжил, Улс төрийн хэлтсийн ажилтан Майдар, Эсэргүүцэн тагнах хэлтсийн ажилтан Дэмбэрэлсүрэн нарт Маршал Х.Чойбалсангийн биеийг наадмын өдрүүдэд хамгаалах тушаал өгч гүйцэтгүүлээд дараа нь тэднийг бие хамгаалагчаар үргэлжлүүлэн томилон ажиллуулж, 1938 оны орон тоог баталсан ДЯЯ-ны сайдын 130 тоот тушаалаар тус яамны нэгдүгээр хэлтсийн хоёрдугаар тасгийн харъяанд бие хамгаалагчаар албан ёсоор томилсноор шинэ цагийн төрийн хамгаалалтын албаны эх суурь тавигджээ.

ДЯЯ-ны орлогч сайд Лосолын 1938 оны 5 дугаар сарын 28нд гаргасан 31 тоот тушаалд Маршал Х.Чойбалсанг зуны цагт лагерьлах үед харуул хамгаалалтыг хүчтэй болгох, мөн сайдын 35 тоот тушаалд Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярын үеэр сонор сэрэмжийг дээшлүүлэн харуул хамгаалалтыг чангатгах тухай тодорхой үүргийг бүх анги, салбаруудад өгчээ. 1938 оны 9 дүгээр сарын 14-нд орлогч сайдын 450 тоот тушаалд хамгаалалтын ажилтан нарын үүрэг хариуцлага, сонор сэрэмжийг өндөржүүлэхийг заагаад бие хамгаалагч Майдар хариуцлага алдсан тул хатуу донгодон шийтгэж хойшид энэ мэт байдалд хүргүүлэхгүй байхыг хатуу анхааруулж байжээ.

Нам, засгийн удирдагч нарыг хамгаалах тухай шинэ зааврыг 1939 онд боловсруулан батлуулсан байна. Энэ үед маршалыг хамгаалах групп нь өөрийн мэдэлд ахлах комиссар 2, жинхэнэ комиссар 4-тэй ажиллаж, байрны гадна талыг тусгай салаагаар хамгаалуулахаар дүрэмд заажээ.

ДЯЯ-ны Төв сургуулиас сонсогч С.Банзрагч, Г.Хаянхярваа, Ө.Сэнгэдорж нарынсурлага, сахилгаар шилдэгтэргүүнийсонсогчдыг 1939 оны хавар урьдчилан төгсгөж маршал Х.Чойбалсанг хамгаалах группэд томилон ажиллуулжээ.

Premium Wordpress Themes by UFO Themes