БНМАУ-ын Төрийн Хамгаалалтын Алба бэхэжсэн нь

НАХЯ-ны сайдын 1969 оны 161 дүгээр тушаалаар Тусгай үйлчилгээний хэлтсийг Гуравдугаар хэлтэст дахин нэгтгэж, Гуравдугаар хэлтсийг газар эрхтэй болгож, үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар хурандаа Б.Дөрвөлжинг томилж, 272 дугаар тушаалаар дэд хурандаа Ө.Сүх-Очир ГЯЯ-нд шилжин дипломат албанд ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Өмнөговь аймгийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Банзрагчийг томилж дэд хурандаа цол олгожээ.

НАХЯ-ны сайдын мөн оны 145 дугаар тушаалаар Гуравдугаар хэлтсийн орлогч дарга, хошууч Д.Чулууныг нэгдүгээр группийн даргаар томилон, оронд нь Төв аймгийн НАХГ-ын дарга, дэд хурандаа С.Ваанчигийг, Үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар зочид буудлын дарга Г.Батхүү нарыг тус тус дэвшүүлэн томилжээ.

Шинээр томилогдсон хэлтсийн удирдлага хамгаалалт, үйлчилгээний ажлыг зохион байгуулах үндэс болсон ажлын заавар, табелиудыг шинэчлэхээс ажлаа эхлэж, хамгаалалтын ажлын үндсэн заавар, Засгийн газрын ордныг хамгаалах ажлын заавар, Засгийн газрын ордонд түгшүүр зарлах үед ажиллах төлөвлөгөө, Тусгай үйлчилгээний автомашинд үзлэг хийх техникийн комиссын заавар зэрэг бичиг баримтуудыг боловсруулжээ.

Мөн хамгаалалт, үйлчилгээний ажлын эрхийн актыг шинэчлэхэд анхаарч “Тусгай хамгаалалт, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Нам, засгийн удирдах ажилтнуудын амралтын тухай” Намын төв хорооны тогтоолууд гаргуулж, хамгаалалт зөвхөн Намын төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга нарт зохиодог байсныг Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, орлогч гишүүдийг хамруулдаг болгожээ.

Хамгаалалт зохиогдох газарт үзлэг шалгалт хийхэд ЗХУ-д үйлдвэрлэсэн мина эрэгч, металл болон цагийн механизм илрүүлэгч, цацраг идэвхи хэмжигч, шөнийн дуран зэрэг багаж хэрэгслийг өргөнөөр ашиглах болсон нь хамгаалалтын ажиллагаанд техник хэрэгсэл ашиглах эхлэл болжээ.

Хамгаалалт, Үйлчилгээний хэлтсүүдийг 1969 онд дахин нэгтгэснээр тус хэлтэс нь 12 салбартай, намын үүр 7, эвлэлийн үүр 5, үйлдвэрчний салбар хороо 4 зэрэг олон нийтийн байгууллагуудтай ажиллаж байжээ.

Хамгаалалтын хэлтсийн орлогч дарга, хурандаа С.Ваанчиг “Хамгаалалтын албан” гэсэн ном бичиж хэвлүүлсэн нь хамгаалалтын ажилтнуудын онол, практикийн тулгуур ном болсон.

Гадаад орнуудын хүндэт зочид, төлөөлөгчдийн айлчлалын үеэр зохиогдох хамгаалалт, үйлчилгээний ажлыг НАХЯ-ны сайдын тушаалаар томилогдсон штаб удирдан зохион байгуулж, штабыг яамны нэгдүгээр орлогч сайд удирдаж, орлогч даргаар нь Гуравдугаар хэлтсийн дарга, гишүүдэд нь яамны голлох мэргэжлийн газар, хэлтсийн дарга оролцож ажилладаг байсан нь удирдлагын зөв зохицол байжээ.

МАХН-ын Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал 1970-аад онд Куба, Энэтхэг, Иран, Югослав, Вьетнам, Лаос, Камбож улсад албан ёсны айлчлал хийхэд хамгаалалтын ажилтнууд урьдчилан явж хамгаалалт, үйлчилгээний ажилтай газар дээр нь танилцаж, тухайн орны хамгаалалтын албадтай хамтран ажилласан нь үр дүнтэй болсон байна.

Мөн хугацаанд гадаад улсын нам, төр, засгийн тэргүүн болон 20 гаруй орны төлөөлөгчдийг хүлээн авч, хамгаалж, үйлчилсэн бөгөөд үүний дотор ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Л.И.Брежнев, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Косыгин, БКН-ын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНБАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Т.Живков, ЧКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Гусак, Ерөнхийлөгч Л.Свобода, РКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску, ГНСН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Э.Хонеккер, БНПАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Г.Яблонский, Афганистаны Цог жавхлант ван Мухамед ахир Шах, БНСВАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Фан Ван Донг, БНАЛАУ-ын Ерөнхий сайд Кейсон Фомвейхан, Мозамбикийн Ерөнхийлөгч Сомора Майзес Машел, Ираны Ерөнхий сайд Ховейда, Кубын Ерөнхий сайдын орлогч Рауль Кастро Рус нарын зэрэг зочид ирж байжээ.

Ю.Цэдэнбал даргыг 1979 онд Архангай, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймгуудаар 20 гаруй хоног явж ажиллахад хамгаалалт, үйлчилгээний чиглэлээр 60 гаруй хүн явж орон нутгийн нам, захиргаа, аюулаас хамгаалах, цагдан сэргийлэх байгууллагуудтай хамтран хамгаалалт, үйлчилгээний ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Засгийн газрын ордны өргөтгөл 1981 онд ашиглалтад орсноор комендатурын орон тоог 2 дахин нэмэгдүүлж, шууд холбоо, галын дохиоллоор хангасан байна. 1984-1987 онд Засгийн газрын ордны гадуур хамгаалалтыг яамны өөр нэгжид харъяалуулж байгаад эргэн нэгтгэжээ.

Хамгаалалтын алба бэхэжсэн эдгээр он жилүүдэд ажил үйлсээрээ шалгарсан хурандаа С.Ваанчиг, А.Очирчүлтэм, дэд хурандаа Ц.Чойвондорж, хошууч Д.Тогмид, Б.Александр, Л.Дэмчигсүрэн, Я.Даваадэмбэрэл, тогооч С.Норжмоо, ахлагч Ш.Дондов нарын олон сайчууд тодрон гарч хамт олноо манлайлан ажиллаж байжээ.

Premium Wordpress Themes by UFO Themes