Богд Хаант Монгол Улсын Төрийн Хамгаалалт

XIX зууны сүүлч, XX зууны эхээр Манжийн төрийн бодлого нэлээд өөрчлөгдөн, Манжийн төр “Шинэ засгийн бодлого” гэгчийг боловсруулан хэрэгжүүлэх үүднээс манжууд “Хязгаар нутгийн ойллого” хэмээх 64 дэвтэр бүхий баримт бичиг гаргасны зургаа нь Монголтой холбоотой маш нарийн бодлого, чиглэл, мэдээллээс бүрдсэн байдаг.

Энэ болон бусад нөхцөл байдлаас Богд тэргүүтэй хүмүүс Манжаас тусгаарлах асуудлыг хөндөн хэнд хандаж, хаанаас тусламж авах вэ гэдэгт ч тун бодлоготой хандсан байдаг. 1911 оны есдүгээр сард энэхүү хувьсгалыг удирдан чиглүүлэх байгууллага болох Халхын хүрээний хэргийг түр эрхлэн шийтгэх газрыг байгуулж, тэргүүнээр нь Түшээ гүн Чагдаржавыг томилжээ.

Монголчууд 1911 оны 12 сарын 29-нд Манжийн эрхшээлээс гарч тусгаар Монгол Улсыг байгуулан улсын нэрийг МОНГОЛ, оны цолыг ОЛНОО ӨРГӨГДСӨН гэж нэрийдэн, Наймдугаар Богд Жавзандамбыг “Шашин, төрийг хослон баригч, Наран гэрэлт, Түмэн наст, Богд Хаан”-д өргөмжлөн түүний эрх ямбыг нэмэгдүүлэн шадар цэрэгтэй болгосон ба хаан хүний эдлэх эрх, ёслолын дүрэм, журмыг бий болгожээ.

Богд Хаан төв ордон буюу “Шар ордон” /Одоогийн Хүүхдийн Урлан Бүтээх төвийн орчим/, өвлийн ордон буюу “Ногоон ордон” /одоогийн Богд Хааны ордон музей/, зуны ордон буюу “Хайст Лавиран” /одоогийн Удирдлагын Академийн орчим/ гэсэн гурван ордонтой байжээ.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын Хууль зүйлийн бичиг гэгч 64 дэвтэр хууль, дүрэмд Төрийн ёслолд шадар цэргийг хэрхэн ашиглахаас гадна шадар цэргийн хувцсыг хуульчлан тогтоожээ. Богд Хаант Монгол Улсын цэрэг дараах 4 зэргийн дүрэмт хувцастай байжээ. Үүнд:

  • Нэгдүгээр зэрэг: Сайд, жанжин, хороон дарга, жагсаалын түшмэд хэрэглэнэ. Энгэрт алтадсан “Нацагдорж”, дунд нь “Ум”, ардаа алтан хүрдтэй дундаа “Хум” гэж бичсэн дугариг улаан дэвсгэртэй байх бөгөөд үсгийг төвдөөр алтдан бичнэ. Баруун мөрөн дээр шар, зүүн мөрөн дээр улаан өнгийн дэвсгэр дээр “Ум Аа Хум Суухаа” гэсэн үсэг бичээстэй байна.
  • Хоёрдугаар зэрэг: 50 цэргийн дарга зүүнэ. Энгэрт нь шар будагтай алтадсан “Нацагдорж мөн “Ум” үсэгтэй, ар талд алтадсан “Хүрд” дунд нь “Хум” гэсэн үсэгтэй. Мөрөн дээр нь мөн өмнөхийн адил шар өнгийн дэвсгэр дээр “Ум Аа Хум Суухаа” гэсэн үсэг бичээстэй байна.
  • Гуравдугаар зэрэг: Аравтын дарга энэ зэргийг зүүнэ. Мөрөн дээрээ шар дэвсгэр дээр улаанаар, улаан дээр шараар “Ум Аа Хум Суухаа” гэсэн үсэг бичээстэй байна.
  • Дөрөвдүгээр зэрэг: Цэргүүд хэрэглэнэ. Ар, өвөртөө цагаан өнгийн дэвсгэр дээр “Нацагдорж”, “Хүрд”-ийг шар өнгөөр зурна. Мөрөн дээрээ улаан дэвсгэр дээр шараар, шар дээр улаанаар “Ум Аа Хум Суухаа” гэж бичсэн байна. Ийнхүү цэргийн хувцасны дүрэмд бичсэний дагуу шадар цэргийн хувцсыг үйлдүүлэн хэрэглэж байсан байна.

Торгон цэргийг захирах 4 аймгийн нэг нэг түшмэл байдаг байсан ба 1913 оноос аймаг тус бүрээс 50 цэрэгтэй болгожээ. Богд Хаанаас гадна Хатанбаатар Магсаржав, Жанжин Пунцаг, манлай ван Дамдинсүрэн нар торгон цэрэгтэй байжээ.

1913 оны 9 дүгээр сарын 17-нд Орос улсад одсон Монголын төр засгийн төлөөлөгч 26 хүний нэрсийн жагсаалтын сүүлийн хоёрт нь цэрэг, дарга Гонгор, цэрэг Цэрэнжанцан гэж бичсэн байдаг. Ийнхүү Орос улсад одох өндөр Гонгор, Цэрэнжанцан хоёрт дөчин тав, дөчин таван хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай маягийн дөрвөн талт тоорцог /товь малгай/ өмсгөж, цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу (маузер)зүүлгэн Ерөнхий сайд Намнансүрэнгийн хамт баруун, зүүн талд нь салалгүй дагах бие хамгаалагч цэргээр томилон явуулсан гэдэг.

Тухайн үед Богд хааны шадар цэрэгт байсан ардын журамт цэргүүдийн дурсамжаас зарим нэрсийг тодруулан хүргэвэл: Сумангийн дарга Дондов, сумангийн дарга Лувсанцэрэн, тавьтын захирал Лодон, аравтын захирал Баатардоржийн Гэндэн, салааны дарга Балжирын Загд, аравтын захирал Адъяа, шадар цэргийн дарга Нямаа, аравтын захирал Жигмидийн Пунцаг, аравтын захирал Мятавын Самбуудорж, Маанийн Базар,  Жамц, Дүнчингийн Бат-Очир, өндөр хэмээх Гончиг,  Дорж, Сундуй, Аюушийн Жимээ, Лувсан, Самбуу, Хасбаатар, Сундуй, Дондовцэрэн, Гомбосүрэн, Оожио, Намгарав,  Санжийн Игнэн, Мэндийн Ламжав, Чойжинхүүгийн Гончиг, Лочингийн Чүлтэм-Осор, Ёстын Лувсан, Юмжавын Санжаажав нарын нэр, намтар одоогоор тодроод байна.

Богд Хаан өөрийн гэсэн хэд хэдэн машинтай байсан бөгөөд Гүр, Улаангэлэн, Жамц, Д.Даваа нарын жолоочтой байгаад Ардын засаг байгуулагдмагц нэг машинаа жолооч Гүрийн хамт жанжин Д.Сүхбаатарт бэлэглэсэн байдаг. Богд Хааны жолооч Гүр 1921 оны 11 дүгээр сард төр, цэргийн удирдагч нарт үйлчлэх зориулалтаар байгуулагдсан “Чийчаан тэрэгний гарааш”-д анхны салаан дарга болжээ. Уг гараашид Форд, Франклин, Додж, Бьюик машинууд байсан байна. Жолооч Д.Даваа нь Богд Хааны шадар цэрэг, жолооч байгаад хожим нь ДХГ-ын анхны жолооч болсон бөгөөд 1930-1932 онд баруун аймгуудад болсон бослоготой тэмцэж байсан бөгөөд Коминтернийн төлөөлөгчдийг айлчлахад жолооч, бие хамгаалагчаар ажиллаж байжээ.

Premium Wordpress Themes by UFO Themes