Бүх Цэргийн Жанжин Д.Сүхбаатарын Төрийн Хамгаалалт

Жанжин Д.Сүхбаатарын хамгаалалтад ажиллаж байсан Ардын журамт цэргийн партизануудын дурсамж, түүх судлаач, эрдэмтэн О.Пүрэвийн бүтээлүүдээс үзэхэд Хиагт хотыг чөлөөлөхийн урьд өдөр ардын журамт цэрэг “Их толгой” хэмээх С.Загдыг дарга нар дуудаж “Энэ өдрөөс Д.Сүхбаатар бүх цэргийн жанжин болсон. Иймд чамайг морь хөтлөгч болгож байна. Та зөвхөн морь хариуцах биш өдөр шөнийн аль ч цагт жанжны амийг осолдуулахгүй явах ёстой” гэж үүрэг өгсөн байдаг. Жанжныг хамгаалах 10 хүнийг хорооны дарга Ёндон нэр цохож сонгон авч ажиллуулсан байна. Эдгээр хүмүүс нь ардын журамт цэрэгт элсэн орж алба хааж байгаа, зарим нь Д.Сүхбаатартай хамт Богд Хаант Монгол улсын цэрэгт байж бие биеэ сайн мэддэг болсон хүмүүс байжээ. Жанжныг өдөр бүр нэг хүн дагаж хамгаалан, аливаа ажилд нь туслаж, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж, шөнийн цагт 4 хүн хашаа, гэрийг нь ээлжээр манаж хамгаалан, унах морийг нь арчлан бэлэн байдалтай байлгадаг байсан байна.

Түүх судлаач эрдэмтэн О.Пүрэв Хиагтыг чөлөөлсний дараа Д.Сүхбаатарыг гэртээ өвчтэй хэвтэж байх үед нь 4 цэрэг дэргэд нь, гадна үүдэнд Рэнцэн гэдэг цэрэг зогсон хамгаалж байсан юм гэж ярьжээ.

Хувьсгалын эхний үеийн ширүүн тэмцлийн хүнд нөхцөлд жанжин Д.Сүхбаатарыг хамгаалах үүргийг ардын журамт цэргийн дайчид гүйцэтгэж байжээ. Түүнчлэн жанжин Д.Сүхбаатар 1921 оны намар Заан тэрэлжийн орчим цагаантны үлдэгдэлтэй байлдахаар явах үедээ өөрийн мэдэлд комендатурын цөөн цэргээс өөр хүнгүй байсан тул Богд Хааны шадар цэргээс 80 гаруй хүн авч явсан байдаг бөгөөд энэ талаар түүхийн сурвалж болон ахмад дайчдын дурсамж ярианд их бичигддэг төдийгүй олзны зэвсгээс Максим пулемётыг сумны хамт Богд Хаанд өргөн барьж байжээ.

Дотоодыг хамгаалах газрыг 1922 оны 7 дугаар сарын 16-ны өдөр анх байгуулахад энэ газрын бүрэлдэхүүнд харуул хамгаалалтын үүргийг дагнан гүйцэтгэх зорилготой цөөн хүний бүрэлдэхүүнтэй тасгийг байгуулж, бие бүрэлдэхүүнийг Ардын журамт цэргийн 1 дүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударга, зориг баатарлагаар оролцож явсан 13 дайчдыг сонгон авч бүрдүүлжээ.

Premium Wordpress Themes by UFO Themes