Дайны дараах үеийн Төрийн Хамгаалалт

Нам, засгийн удирдагчдыг болон хамгаалалтын албыг шуурхай холбоогоор хангах зорилгоор 1948 оны эхээр нэгдүгээр хэлтэст 120 дугаартай тусгай комутаторын телефон хороог ашиглалтанд оруулж, нам, засгийн удирдагчид, яамдын сайд, нэгдүгээр хэлтсийн хэрэгцээнд ашиглаж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших жижигхэн байшинд өвөлжиж, жилийн ихэнхийг эсгий гэрт өнгөрөөж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Монгол банкны байрны дээд давхрын жижиг өрөөнд амьдарч байсан цаг үед шинээр төрийн үйлчилгээний байр бариулахаар шийджээ. Тухайн үед ДЯЯ-ны Барилгын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд хийсэн зураг төслөөр инженер Гуревич, “цоохор” хэмээх Лхамжав нар удирдан “хувьсгалын эсэргүү” хэрэгт холбогдон баригдсан лам нараар бариулжээ.

Маршал Х.Чойбалсангийн амьдрах энэхүү 30 дугаар тусгай байр /харш/-ыг барьж 1946 онд ашиглалтанд оруулсан нь нам, засгийн удирдагчийн хамгаалалт үйлчилгээний зориулалттай анхны байр юм.

Шинэ байранд орох ёслолыг 1946 онд хийж, МАХН-ын Төв Хорооны УТТ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн иржээ. Уг ёслолын будаалга дээр маршал Х.Чойбалсан “Би зориглож өөртөө нэг барилга бариуллаа. Намайг шүүмжилбэл шүүмжлэг. Энэ байр Чойбалсангийн өмч бус, Монгол улсын өмч. Надаас хойших төрийн тэргүүн нар амьдрах болно” гэж хэлж байжээ.

Дээд давхартаа улс төр, уран зохиол, шинжлэх ухаан, цэрэг дайны холбогдолтой 4000 гаруй ном, хэвлэлээс бүрдэх ховор сайхан номын сан байрлуулан ашиглаж, доод давхартаа кино үзэх дуртай байсан Х.Чойбалсан энэ байрандаа дөнгөж таван жил л амьдарчээ.

Түүнийг нас барсны дараа буюу 1953 оноос уг байрыг “Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн ордон музей” болгон өөрчилж хөдөлмөрчдөд үзүүлэх болсон байна. Тус музейд Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн үйл амьдралыг харуулсан гэрэл зураг, түүхэн баримтууд, маршалын дүрэмт хувцас, номын сан, гар бичмэл, бичгийн үнэт чулуун хэрэгсэл зэрэг түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйл болон ард олноос ирүүлсэн бэлэг дурсгалын зүйлийг дэлгэн үзүүлдэг байжээ.

Тус байрыг 1961 оноос НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр хэмжээний зочин байрлуулах зочид буудал болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга М.П.Тарасов, ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга М.А.Суслов, Бүх холбоотын үйлдвэрчний Төв зөвлөлийн дарга А.Н.Шелепин, БХЯ-ны сайд, маршал А.А.Гречко, сансрын нисгэгч В.В.Горбатко, Афганистаны Ерөнхий сайд Бабрак Кармаль, ХБНСЮУ-ын Ерөнхийлөгч И.Б.Тито, Кубын хувьсгалт зэвсэгт хүчний яамны сайд, армийн генерал Рауль Кастро, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер зэрэг гадаадын олон улс орны дээд хэмжээний зочид байрлаж байжээ.

1951 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 50-1 дүгээр байрыг ашиглалтанд авснаар гадаадын төр, засгийн тэргүүнийг байрлуулах тусгай байр /харш/-тай болжээ.

Маршал Х.Чойбалсан Их тэнгэр дахь байрыг ашиглалтанд оруулж орчныг тохижуулах ажлыг зохион байгуулахад ихээхэн анхаарал тавьж байжээ.

Уг байрыг барьж байхад маршал Х.Чойбалсан байнга анхаарал санаа тавьж, “Би энд суух гэсэн юм бишээ. Хожим хойчууд минь гадаадынхныг нүүр улайлгалгүй хүлээгээд авчихдаг сайхан өргөөтэй байх учиртай” гэжээ.

Хамгаалалтын ажлын шаардлагыг харгалзан НАХЯ-ны сайдын 1967 оны 70 дугаар тушаалаар гуравдугаар хэлтсийг байнгын офицер жижүүртэй болгож, хамгаалалтын тасгийг тодорхой нэгжтэйгээр байгуулжээ.

ХБНЮУ, БНАГУ, БНПАУ-ын нам, засгийн төлөөлөгчид 1968 онд манай оронд албан ёсны айлчлал хийх үед хамгаалалт үйлчилгээний ажлыг амжилттай зохион байгуулж, Тусгай үйлчилгээний авто гараашид ХБНГУ-ын Мерседес-280 маркийн автомашиныг авч хэрэглэх болсон ба паркийн хүчин чадал нэмэгдэж, автомашины тоогоор баазын зэрэглэлд хүрч, гараашийн дарга, инженер, засварчин, жолоочийн хамт ХБНГУ-ын автомашины үйлдвэрт очиж дадлага хийжээ.

Хамгаалалтын алба нь том хурал, ой, тэмдэглэлт үйл явдал, гадаадын хүндэт зочдын айлчлалын үед УАХБ болон УЦСЕГ-ын албадуудтай нягт хамтран ажиллаж бие биендээ туслаж тавигдсан зорилтыг ханган биелүүлдэг нэгдмэл ажиллагаа хэвшиж тогтсон байна.

Premium Wordpress Themes by UFO Themes