НАХЯ-ны Гуравдугаар газар байгуулагдсан нь

ЗХУ, БНХАУ хоёрын хоорондын харьцаа муудаж манай орны гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн, мөн тус байгууллагын гүйцэтгэх үүрэг, ажлын цар хүрээ хэлтсийн эрх хэмжээнд багтахгүй байсан учраас 1970-аад оны сүүлчээс НАХЯ-ны гуравдугаар хэлтсийг өргөтгөж газар болгох асуудал яригдаж эхэлсэн байдаг. 1981 онд НАХЯ-ны сайд өөрчлөгдөж Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбыг томилж, хурандаа генерал цол олгожээ.

МАХН-ын   Төв хорооны Улс төрийн товчооны 1982 оны 2 дугаар сарын 22-ны 56 дугаар тогтоолоор Гуравдугаар хэлтсийг газар болгон, 59 дүгээр тогтоолоор Намын төв хорооны Хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Сангишаравыг даргаар нь томилж, дэслэгч генерал цол олгожээ. Газрын шинэ удирдлага хамгаалалтын бүх хүч хэрэгслийг нэг гарт төвлөрүүлэх зорилт тавин хилийн цэргийн 05 дугаар хороог дан ганц тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр газрын мэдэлд шилжүүлэн авч, биеэ даасан 3 орлогч, 3 хэлтэс, 9 салбар нэгжтэй 1500 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй, дарга нарын зарим  жолооч, цай зөөгч нарыг офицер, харуулын ахлагч, энгийн ажилчдыг тусгай нэмэгдэлтэй болгуулсан байна.

1980-аад оны эхнээс хүйтэн дайны тэмцэл ихээхэн ширүүсч, хөрөнгөтөн орнуудын зүгээс коммунизмын эсрэг үзэл суртлын дайралт газар авч, социалист орнуудад эдийн засгийн бэрхшээлүүд гарч, түүнээс яаж гарах арга замаа тодорхойлж чадахгүй үндсэндээ мухардалд ороод байсан үе юм. Ийм нөхцөл байдалд хамгаалалтын албаны талаар МАХН-ын Төв хороо тодорхой арга хэмжээ авах шийдвэрүүдийг гаргажээ.

Хамгаалалтыг шинэлэг, даруухан, хий зайгүй зохиоход ихээхэн анхаарч дарга нар очих болон нэгдсэн арга хэмжээ болох газруудыг урьдчилан судлаж гүйцэтгэх ажлын, техникийн, биечилсэн үзлэг, шалгалтыг хийж хамгаалалтанд авч аль болох олны анхаарал татахгүй, хүмүүст төвөг учруулахгүй талаас нь хандах арга барилаар ажиллах журам тогтоон ажиллажээ. Гүйцэтгэх тасгийг УАХБ-ын газар хэлтсүүдтэй байнга хамтран ажиллуулж, гадаадад айлчлахын өмнө очих орны улс төр, цаг үеийн байдлаар, цэргийн анги, байгууллага, үйлдвэр, аж ахуй газраар явахад холбогдох газар, хэлтсүүдээс мэдээлэл авч, хамгаалалтын албыг мэдээллээр хангадаг, улс төрийн томоохон арга хэмжээ болох газар болон онцлог үйл явдлын өмнө буюу дараа, шаардлагатай гэж үзсэн үеүдэд нам, улсын удирдагч нарын ажлын байранд УАХБ-ын гүйцэтгэх техникийн үзлэгийг хийлгэдэг болгожээ. Шинэ нөхцөл байдалд зохицуулан орон нутаг, галт тэргэнд зохиогдох хамгаалалтын, онцгой үүргийн онгоцны хамгаалалтын, хамгаалалт байнга зохиогддог объект газруудын хамгаалалтын, бүсчилсэн хамгаалалт зохион байгуулах, урьдчилсан болон давтан үзлэг хийх зэрэг 20 гаруй зааврыг шинэчлэн баталж, токсико-химийн кабинет шинээр байгуулж, усны дэлгэрэнгүй шинжилгээний болон цацраг идэвхит бодис хүнсний орчинд гамма, альфа туяа тодорхойлдог багажийг үйл ажиллагаандаа нэврүүлжээ. Нам, засгийн удирдагчдыг урьдчилан бэлтгэсэн байгууллага, айлаар очуулдаг, хангалт, үйлчилгээний хувьд Ю.Цэдэнбал даргын тогооч, эмч нь зөвлөлтөөс ирдэг, хүнсний зүйлийг Москвад суудаг манай төлөөлөгч Софи, Москвагаас нийлүүлдэгээ больжээ.

  1990 оны 3 дугаар сард МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, МАХН эрх барих үүргээсээ татгалзаж, Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн даргаар П.Очирбат сонгогдож, Сайд нарын зөвлөлийн даргаар Ш.Гунгаадорж томилогдон, төр, засгийн байгууллагуудыг  шинэчлэн зохион байгуулах үүрэгтэй Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Бямбасүрэн даргатай комисс ажиллаж, зарим яам, хороо, газрыг татан буулгахаар санал боловсруулсан байна.

Үүний дагуу БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 17-ны 95 дугаар зарлигаар НАХЯ-ыг татан буулгажээ.

Гуравдугаар газрын бүтцээс бүтэн үлдсэн ганц нэгж нь Засгийн газрын ордны комендатур байсан бөгөөд тухайн үеийн жагсаал, цуглааны үед үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. 1993 онд УАБХЕГ-ын даргын тушаалаар Засгийн газрын ордны комендатурыг Төрийн ордныг хамгаалах тусгай салбар болгож, даргыг нь Хамгаалалтын албаны орлогч байхаар баталсан ба 1994 оны Тагнуулын төв газрын даргын тушаалаар Төрийн ордны хамгаалах тусгай тасаг болгон орон тоог багасгасан байна. Энэ онуудад улс төрийн жагсаал, цуглаан идэвхитэй явагдах болж, ажилтнуудын ачаалал эрс нэмэгдсэн бөгөөд хамгаалуулагч өлсгөлөн зарлаж, алба хаагчид цагдаагийн алба хаагчдын хамтаар 13 хоногийн хугацаанд 16-24 цагаар хамгаалалт зохион байгуулж “… Төрийн ордонд дайрч орно, Ерөнхий сайдын машиныг зогсоон түүнийг авч ирж үгийг нь сонсоно, улс төрийн аллага хийнэ, Төрийн ордонд гранат, тэсрэх бодис тавина…” гэх зэрэг өдөөн хатгалгын дунд ажиллаж ирсэн байна.

Төрийн бэлгэ тэмдгийн хууль батлагдсантай холбогдож 1994 оны 11 сарын 25-ны 14 цаг 50 минутад Төрийн ордонд Төрийн 9 хөлт цагаан тугийг залж хамгаалах үүргийг Төрийн ордны хамгаалалтын тусгай тасагт шилжүүлжээ

Premium Wordpress Themes by UFO Themes