Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоон ажиллаж байна

2019.12.30

    Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд нэвтрэн орох журам, дэглэм тогтоох, хяналт тавих эрхтэй” гэж заасны дагуу тус газар нь төрийн тусгай хамгаалалтад авсан бүсийн орчинд нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ нисгэхэд хязгаарлалт тогтоон ажиллаж байна.  

    Төрийн тусгай хамгаалалтын газраас тогтоосон хамгаалалтын дэглэмийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг. Үүнтэй холбогдуулан хамгаалалтын бүсэд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг хязгаарлах талаар тус газраас тогтоосон дэглэмийг хүндэтгэн биелүүлж байхыг хүсч, хэвлэл мэдээллийн 85 байгууллагад албан тоотоор мэдэгдэл хүргүүлэн сурталчлан таниулах арга хэмжээг авлаа.

    Мөн төрийн тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөөргөж буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор түүнийг албадан буулгах төхөөрөмжийг худалдан авах асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлсэн бол, зөрчлийг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлээд байна.   

  

Premium Wordpress Themes by UFO Themes