Төрийн Тусгай Хамгаалалтын Газар байгуулагдсан нь

1994 оны 1 дүгээр сарын 04-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хамгаалалтын тасгийн дарга, хурандаа Д.Бадарч Хамгаалалтын албаны даргаар томилогдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат /тухайн үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга/-д 1990 онд санал оруулж, дэмжүүлэн хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиа дахин санаачлах боломжтой болжээ.

1994 онд ТТГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг дэд дарга, хурандаа Л.Гэндэнбаатараар ахлуулсан Ажлын хэсгийг, УИХын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Д.Базарсадаар ахлуулсан Ажлын хэсгийг тус тус байгуулан, өмнө бэлтгэсэн хуулийн төсөлдөө тулгуурлан ажиллаж хуулийг батлуулсан байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу 1995 оны 7 дугаар сард  Засгийн газрын 127 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газар байгуулагдаж, хамгаалалт, үйлчилгээний хэлтэс, харуулын алба, төрийн ордны хамгаалалтын алба, тусгай үйлчилгээний авто гарааш гэсэн бүтэцтэй харьцангуй биеэ даасан, төсвийн хувьд Сангийн яамтай шууд харьцах, боловсон хүчнээ өөрөө томилох, чөлөөлөх эрхтэйгээр зохион байгуулагджээ.

2000 оны үеэс эхэлсэн иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудаас зохион байгуулсан жагсаал, цуглаанууд улам бүр хүч хэрэглэх хэлбэрт шилжих болсон бөгөөд хамгаалалтын алба хаагчдад хүч хэрэглэн халдах, Төрийн ордны цонх, хаалгыг эвдэх, өндөг шидэх, будаг цацах зэрэг зөрчлүүд ихээр гарах болсон тул урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зорилгоор Төрийн ордны хамгаалалтын бүсийн хязгаараар хашаа барих шийдвэр гаргуулав.

2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Иргэний эвсэл, зарим улс төрийн нам, хөдөлгөөнүүдээс зохион байгуулсан жагсаал, цуглаан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон өрнөж, МАХН-ын Төв байранд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр байсантай холбогдуулж төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулж, тухайн объектод ажиллаж байсан төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын хүчээр 200 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлж, хамгаалуулагч, Төрийн ордон, Их тэнгэрийн амны аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 сарын 01-ний “Онц байдал тогтоох тухай” 194 дүгээр зарлигийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авагдсан объектуудын аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Энэ үйл явдалд дүгнэлт хийн Төрийн ордны хамгаалалтын бүсийн хязгаараар хашаа барих ажлыг дуусгуулж, дүрэмт хувцас өмсдөг салбаруудын бие бүрэлдэхүүнийг хамгаалалтын тусгай хувцас, хэрэгсэлтэй болгон, байгууллагын материаллаг бааз, зэвсэг, тусгай хэрэгслийг сайжруулав.

2010 оноос тус газрын хамгаалалтын нэгжүүдэд тодорхой тооны галт зэвсэг, тусгай хэрэгслийг худалдан авснаар объектын хамгаалалтын бие бүрэлдэхүүний 70 орчим хувь хамгаалалтын иж бүрдэл хувцас, тусгай хэрэгсэлтэй болжээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын 2009-2011 он, 2012-2014 оны Стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр 2010 онд Бүгд найрамдах Турк улсад 8, Арабын бүгд найрамдах Египет улсад 16 алба хаагч, үйлчилгээний чиглэлээр Энэтхэг, Итали, Франц мэргэжилтнүүдийн сургалтад тогооч нарыг бүрэн хамруулсан байна.

2008-2012 онд хамгаалалт, үйлчилгээг өндөр түвшинд зохион байгуулсныг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын их хурлын Тамгын газар, Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Солонгос улсын Төрийн хамгаалалтын алба, Элчин сайдын яам, Бүгд найрамдах Хятад ард улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Элчин сайдын яам, Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдаас тус тус албан ёсны талархал илэрхийлсэн байна.

Төрийн тусгай хамгаалалтад тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх үзлэг хийх, хамгаалалтад ашиглах үүрэгтэй албаны нохойн хэсэг байгуулан ашиглаж эхлэв.

Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн болон түвшин тогтоох шалгалтуудыг 2009 оноос зохион байгуулж, мөн онд зохион байгуулагдсан Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн бэлтгэлийг ханган амжилттай шалгагджээ.

Premium Wordpress Themes by UFO Themes