Чингис хааны хишигтэн цэрэг

1189 онд Тэмүүжин Чингис Хаанаар өргөмжлөгдөж хаан болмогцоо эн түрүүнд төр, цэрэг-захиргааны шинэтгэл хийж, итгэлт дайчин нөхдөө байгуулсан гавъяа, авъяас чадвар, хүсэл сонирхолд нь нийцүүлэн зохих албан тушаалуудад томилжээ. Ингэхдээ “Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж Жамухаас салж намайг сэтгэж нөхөрлөе гэж ирсэн анхны өлзийт нөхөд минь алинаас ч илүү хүндтэй байх учиртай тул ийнхүү та нарыг зохих тушаалд томилов” гээд:

  • Хааны шадар туслагч бөгөөд цэрэг ар талын ноёд бүгдийнзахирагчаар Боорчи, Зэлмэ нарыг
  • Хор агсагчдын/харваачдын/ даргаар Өэлүн-Чэрби, Хачиун-Тохураун, Жэтэй, Доголху дөрвийг
  • Илдэс агсагчдын /шадар хамгаалагчид/ даргаар Хасар, Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун нарыг
  • Итгэлт элч, хол, ойрыг холбогч, газарч, туршуул болох “Холын хугурцаг, ойрын отроор” Архай, Хасар, Тахай, Сүхэхэй, Чаурхан нарыг
  • Орд гэрийн хамгаалагчаар Сүбээдэй нарыг
  • Зэвлэх морьд /Байлдааны морьд/ хариуцагч агтчаар Бэлгүтэй, Хархай-Тохураун нарыг Бусад адуун сүргийн агтчаар Тайчиудай, Хуту-Моричи, Мухалхуу гурвыг
  • Хоньчоор Дэгэйг
  • Гэр тэрэг, хөсөг хариуцах тэрэгчээр Хүчүгүрийг
  • Орд гэрийн доторхи ажил, гэргий, хүүхэд, зарц нарыг хариуцах ажлыг Додой-Чэрбид тус тус хариуцуулжээ.
  • Буурчаар Өнгүр Сүйхэтү-Чэрби, Хадаан, Далдурхан гурвыг тус тус томилжээ.

Эндээс харахад Тэмүүжин Хаан болмогцоо тэр үеийн заншил ёсоор бусад аймгийн хан, ноёдын адил шадар нөхөд, харъяат цэргээсээ бүрдүүлсэн байнгын мэргэжлийн бүрэлдэхүүн бүхий өөрийн турхаг цэргийг байгуулжээ.

Монгол улсын төрийн хамгаалалт нь хүчирхэг байсан үедээ зөвхөн хамгаалалтын хувьд шилдэг байсан төдийгүй төр улсынхаа сүр хүчийг үзүүлэх нэг хэлбэр болж байсан байна. Нууц Товчоонд бичсэнээс үзвэл хишигтний гүйцэтгэх үүрэг, хийх ажлыг маш нарийн зохион байгуулсан журамтай байжээ.

Хишигтэн нь эзэн хааны зарлиг ёсоор онцгой эрх эдлэн эзэн хааны амь бие, орд, өргөөг хамгаалж, түүнд орох, гарах хүмүүсийн асуудлыг эрхлэн хариуцаж, зэр зэвсэг, эд агуурс, хоол ундны бүхий л асуудлыг эрхлэн хариуцаж, ав шувуу, орд өргөөний нүүдэл суудал, нутаг ус шилж сонгох ажлыг гүйцэтгэж, дайн байлдааны үед гол цэрэг нь болж түрүүлэн ордог байнгын армийн шинжтэй байжээ.

Premium Wordpress Themes by UFO Themes