ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

     АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарлав. Тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төв өвчний тархалтын талаар судалгаа явуулж 4 төрлийн төсөөлөл гаргасан байна. Судалгаанд оролцсон эрдэмтэд тархалт цаашид нэмэгдэнэ гэдэгт санал нэгдсэн бөгөөд дэлхий даяар хамгийн багадаа 160-214 сая хүн өвчний халдвар авч 0.2-1.7 сая хүн нас барна гэж тооцжээ.

Өвчний тархалтыг хязгаарлах, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Конгресс ба Цагаан ордон зөвшилцсөний эцэст “Коронавируст өртөгсдөд тусламж үзүүлэх хууль”-ийг батлав. Ингэснээр халдвар авсан болон бусад шаардлагатай иргэдэд 2 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгох, 90 хүртэлх хоног хэвтэн эмчлүүлэх, даатгалгүй иргэдийг вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, тэдний хүнсний хангамжийг сайжруулах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэмэлт санхүүжилт зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.  “Covid-19” вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зарим муж, тухайлбал Нью Йорк, Иллинойс болон Калифорнийн захиргаа иргэдийг гэртээ байхыг үүрэг болгоод байна. Одоогоор 45 мужийн бүх шатны сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон бол үлдсэн 5 мужид хэсэгчлэн хаагаад байна.

БНТУ “Covid-19” вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээгээ өргөжүүлж, энэ хүрээнд зочид буудал, ресторан, дотуур байр, асрамжийн газруудад мөрдөх шинэ журам гаргав.

Ерөнхийлөгч Р.Эрдоан 03 дугаар сарын 20-нд зарлиг гаргаж, нислэг цуцлагдсан Их Британи, Ирланд, Швейцарь, Польш, Итали, Египет, Саудын Араб, АНЭУ-д байгаа оюутнууд өөрсдөө хүсвэл тусгай үүргийн онгоцоор авчрах, шинжлэх ухаан, соёл урлаг, музей зэрэг бүх арга хэмжээг 04 дүгээр сарыг дуустал зогсоохоор болов.

Итали Улсын Бергамо хотод нөхцөл байдал хүндэрч, цогцос хадгалах, шатаах газрууд дүүрч эмнэлгийн байгуулагын ажилтнууд дангаараа гүйцэтгэх боломжгүй болсон тул цэргийн хүчийг татан оролцуулж байна. Мөн тус хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учир бусад хотууд руу өвчтөнүүдээ илгээж эхэлжээ.

Тусламж үзүүлэхээр очсон Хятадын эмч, мэргэжилтнүүд Ломбарди мужид тогтоосон хяналт хангалттай чанга байж чадахгүй байгааг онцолж байна. Мөн Италид ажиллаж байгаа Хятадын Улаан загалмай байгууллагын дэд Ерөнхийлөгч Сун Шоупэн Милан хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “Вирусийн тархалтыг тогтоон барихын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай, одоогийн энэ нөхцөл байдал 2 сарын өмнөх Ухань хотынхтой ижил байна, Милан хотод одоо ч нийтийн тээвэр ажиллаж, хүмүүс чөлөөтэй зорчиж, маск зүүхгүй, тэр ч бүү хэл зочид буудалд үдэшлэг, оройн хоолны арга хэмжээ болсоор байна. Эдийн засгийн бүх үйл ажиллагаа болон хүний үйл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гэрт нь байлгах шаардлагатай” гэв. Иймээс Засгийн газраас Ломбарди хотод цэргийн хүчээр хөл хорионы дэглэм тогтоохоор болж, 114 цэргийг баасан гарагаас дайчилсан байна.

ОХУ Италийн нөхцөл байдал хүндэрсэн мужууд руу вирус судлаач эмч нараас бүрдсэн цэргийн эмнэлгийн 8 бригад, агаар болон хөрс халдваргүйжүүлэх хөдөлгөөнт цогцолбор, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс илгээж эхлэв. Мөн Италийн Батлан хамгаалахын сайд АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эсперт хандан тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүч нэмэгдүүлэн туслахыг хүссэн байна.

ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон орон даяар 3 долоо хоног хөл хорио тогтоож, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ (хоол хүргэлт, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ШТС, унадаг дугуй, гэр ахуйн бараа, хими цэвэрлэгээ, гараж, машин түрээс, амьтны дэлгүүр, ном сонины мухлаг, шуудан, банк)-ний газруудыг нээлттэй үлдээж, сүм хийд, мөргөлийн газруудыг цогцос чандарлах зорилгоор ажиллахыг зөвшөөрсөн байна. Иргэд дурдсан бараа, үйлчилгээ авах, өдөрт нэг удаа дасгал хөдөлгөөн хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажилд явах зэрэг зорилгоор гэрээс гарахыг зөвшөөрсөн бол 2-оос дээш хүний бөөгнөрөл үүсгэсэн нөхцөлд 30 фунтын торгууль ногдуулахаар болжээ. Ийнхүү хөл хорионы хатуу дэглэм тогтоосон нь үр дүнгээ өгч байгаа тул 6 сарын хугацаанд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй хэмээн үзэж байна. Хөл хорионы журам зөрчсөн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчлах болсон бөгөөд уг ажилд сайн дураараа туслах хүсэлтээ 750 мянган иргэн гаргажээ.

 БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон Европын холбооны орнууд “Covid-19” вирустэй тэмцэх ажилд хүчээ нэгтгэж, нэгдмэл байдлаа бэхжүүлэхгүй бол тус холбоо задрах эрсдэл байна хэмээн анхаарууллаа. Тус улсад цар тахлыг тогтоон барихад зориулж эмнэлгүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, “Opеration resilience” гэх цэргийн ажиллагааны хүрээнд  дотоодод ар тал хангалт, олон нийтийн эрүүл мэнд, хамгаалалт аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Мөн 03 дугаар сарын 25-ны өдрөөс халдвартай өвчтөнийг эмнэлэгт хүргэж өгөх “эмнэлгийн орчин, тоног төхөөрөмж” бүхий галт тэрэг ажиллуулж эхлэв. Түүнчлэн хөл хорионы дэглэмийг чангатгаж, 03 дугаар сарын 24-нөөс өдөрт нэг удаа ганцаар эсвэл хүүхдийн хамт дасгал хийхээр 1 цагаас ихгүй, оршин суугаа хаягаас 1 км-ээс холгүй зайд гарахыг зөвшөөрч, ил задгай худалдааг хаав.

ХБНГУ-ын парламентын доод танхим коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах 750 тэрбум еврогийн тусламжийн багцыг 03 дугаар сарын 25-нд батлав. Германы Канцлер Ангела Меркель, холбооны улсын 16 муж улсын тэргүүнтэй цахим хурал хийж ойрын 2 долоо хоногийн хугацаанд 2-оос дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газарт иргэд хоорондоо 1.5 метрийн зай барих, хоолны хүргэлтийг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг мөрдөж ажиллахыг хүсэв.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Premium Wordpress Themes by UFO Themes