ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

     БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 03 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улс даяар 21 хоног хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, дотоодын нислэгүүд бүрэн зогсох аж. Тус улс руу ирэх олон улсын нислэгийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс зогсоосон. Эрүүл мэндийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилгоор 150 тэрбум рупи буюу 2 тэрбум ам.долларыг төсвөөс гаргаад байна.

Япон Улс дахь коронавирусний тархалттай холбогдуулан Токиогийн зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулав. Давагдашгүй хүчин зүйлээс үүссэн дээрх шийдвэр Япон Улсын эдийн засагт хүнд цохилт болохыг судлаачид анхааруулж байна.

БНСУ-д өвчний тархалтыг бууруулах зорилгоор 03 дугаар сарын 22-ноос эхлэн хорио цээрийн дэглэмийг чангатгав. Тодруулбал, иргэдийг зайлшгүй шаардлагатайгаас бусад нөхцөлд гэрээс гарахгүй байх, шашны цуглаанд очихгүй байхыг анхааруулж, үзвэр үйлчилгээний газруудад хязгаарлалт тогтоов. БНСУ-д хилийн чанадаас халдвар тээж ирсэн иргэд нэмэгдэж байгаагаас Европоос ирж буй иргэдийг өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч 14 хоног тусгаарлах шийдвэр гараад байна.

БНКазУ-д “Covid-19” вирусний халдварын 124 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа ч тус улсын мэргэжилтнүүд халдварын оргил үе эхлэх болоогүй тул өвчлөл цаашид нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Иймд Нур-Султан, Алмата зэрэг хотуудад онц байдал зарлаад байгаа бөгөөд 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажил болон хүнсний дэлгүүр, эмийн сан явахаас бусад тохиолдолд гэрээс гарах, гудамж талбайд 3-аас дээш тооны хүн цуглахыг хориглохоор болов.

ОХУ-ын Москва хотод өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул хотын захирагч С.Собянины захирамжаар 65-аас дээш настай болон архаг хууч өвчтэй иргэдийг 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гэрээсээ гарахгүй байхыг уриалав. Эдгээр иргэд нь нэн шаардлагатай тохиолдолд эмийн сан, хүнсний дэлгүүр орж болох аж. Москвагийн эрүүл мэндийн байгууллагууд “Covid-19” вирусний халдвар илэрсэн иргэдийн оношийг баталгаажуулахаар Новосибирск рүү хүргүүлдэг байсныг өөрчилж, анхны оношийг үнэн зөв гэж үзэхээр боллоо. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин өвчний тархалтаас сэргийлэхийн тулд Москва хотын туршлагыг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагад уриаллаа.

Өвчлөл хоногт 20 гаруй хувиар нэмэгдэж байгаа тул нөхцөл байдал ойрын хоногуудад эрс муудаж, өвчний оргил үе ирэх долоо хоногийн дунд болон эцсээр эхэлнэ хэмээн ОХУ-ын мэргэжилтнүүд тооцож байгаа бөгөөд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын оргил үед хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбар, онцгой нөхцөлд ашиглах хангалттай нөөц бүрдүүлсэн гэж мэдэгдэж байна. Засгийн газар 03 дугаар сарын 26-ны өдрөөс өвчлөл тархахаас сэргийлэх арга хэмжээг чангатгаж, хорио цээрийн дэглэм зөрчсөн тохиолдолд 2 сая рубль хүртэл торгууль оногдуулах, уг хэргийн улмаас бусдад өвчин халдварласан бол Эрүүгийн хуульд заасан терроризмын гэмт хэрэгтэй адилтган зүйлчлэх санал Төрийн Думд хүргүүлээд байна. Мөн 03 дугаар сарын 27-ны өдрөөс гадаад улс руу хийх бүх нислэгийг зогсоолоо.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “гаднаас орж ирэх халдвараас сэргийлэх, дотооддоо гарч буй халдварын тохиолдлыг арилгахын тулд урьдчилан сэргийлэх, хяналтын арга хэмжээг урт хугацаанд сахин хэрэгжүүлэх шаардлагатай” гэв. “Covid-19” вирус зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул ГХЯ-наас 03 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахгүй, виз болон түр оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.

БНХАУ-д үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос, Хубэй болон бусад бие даасан мужуудыг эс тооцвол улс даяар аж үйлдвэрийн сэргэлт 90 хувиас давсан байна. Тодруулбал, Жөжян, Жянсу, Шанхай, Шандун, Гуанши, Чунчинд аж үйлдвэрлэлт 100 хувь сэргэжээ.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Premium Wordpress Themes by UFO Themes