ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Их-20”-ийн удирдагчид коронавирусний цар тахалтай улс орнууд дангаараа бус бүх орны төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран тэмцэх, вирусээс үүдэн зах зээлд үүссэн шок, эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван гарах, эрүүл мэнд, санхүү, эдийн засгийн хүрээнд нэгдэн ажиллахыг уриалав.

АНУ-ын төр засгаас иргэддээ хандан өөрсдийгөө аль болох тусгаарлаж, халдварын тархалтыг бууруулахыг уриалж байна. “Covid-19” өвчний Нью-Йорк хот дахь тархалт Ази бус Европ тивээс гаралтайг судалгаагаар тогтоожээ. Өвчин 02 дугаар сарын дунд үеэс буюу анхны тохиолдол бүртгэгдэхээс цөөнгүй 7 хоногийн өмнө иргэдийн дунд тархаж эхэлсэн байна. Нью-Йоркийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн судалгаагаар ч үүнтэй төстэй дүгнэлт гарчээ. Төр засаг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай хэрэгжүүлсэн бол вирусний тархалтыг тогтоон барих боломжтой байсан гэж зарим судлаач үзэж байна.

ИБУИНВУ “Covid-19”-тэй тэмцэх хүрээнд иргэний байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, вирусний халдвар авсан иргэдийг агаараар яаралтай тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэх зэвсэгт хүчний 20 мянган цэргийн алба хаагчаас бүрдсэн “Ковид дэмжлэгийн хүч” (COVID Support Force)-ийг байгуулсан байна.

Лондон хотын зүүн хэсэгт “Covid-19” өвчинтэй тэмцэхэд зориулан шинээр (Nightingale Hospital) эмнэлэг барьж байгаа бөгөөд эхний ээлжид 500 хүний ортой тасгийг, дараа нь 3000 хүний ортой тасгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн зэвсэгт хүчний барилга, инженерийн бүрэлдэхүүн нийт 10 хээрийн эмнэлэг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Их Британид халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан ирэх 7 хоногт дуусах байсан хөл хориог сунгах төлөвтэй байна.

БНФУ-д амны хаалт хэрэглэх шаардлагатай эсэх маргаан үргэлжилсэн хэвээр байна. Францын “LCI” телевизийн сувгаар вакцины туршилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх үед нэг эмч “Covid-19”-ийн эмчилгээнд хлорокин эмээс гадна сүрьеэгийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой, үүнийг эхлээд Африк тивийн орнуудад туршиж болох юм гэсэн яриа өгүүлэл гаргасныг олон нийт хурцаар шүүмжлэв. Уг асуудлыг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Чебрейсус мөн буруутган мэдээлэл хийв. Тэрээр, Африк тивд ямар ч вакцины туршилт хийгдэхгүй, ДЭМБ ч үүнийг зөвшөөрөхгүй. Дэлхий нийтэд, Европ, Африк, ер нь хаана ч вакцин, эм эмчилгээг туршихдаа тогтсон дүрэм, журмаа баримтална гээд “колонийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй”-г онцолжээ.

ХБНГУ-ын Засгийн газар Япон Улсад үйлдвэрлэгдэж буй томуугийн эсрэг “Авиган” эмийг “Covid-19” өвчний эсрэг ашиглахаар болов. Тус улсын Засгийн газар эмийг богино хугацааны хэрэгцээнд нөөцлөхөөр төлөвлөж байгаа аж. “Фүжифилм” компанийн үйлдвэрлэж буй энэхүү эмийг БНХАУ үр дүнтэй болохыг баталсан байдаг. ХБНГУ-д 7 хоногт 300 мянган хүнийг оношилж байгаа нь нийт хүн ам буюу 82 сая хүнийг оношлоход 3 жилийн хугацаа шаардагдахаар байна гэж албаны эх сурвалж мэдэгдэв.

Итали Улсын Миланы их сургуулийн Халдвар судлал, эмнэлгийн статистикийн профессор Карло Ла Веккио “Covid-19”-өөр 5 сая орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзэв. Түүнчлэн өвчний улмаас нас барсан хүний тоо бодит байдал дээр 60 орчим мянга буюу одоогийнхоос 3 дахин их байгаа гэж тэрээр өөрийн судалгаанд үндэслэн таамаглав.

Австралийн Холбооны Улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг чангатгаж, 2-оос дээш хүн цугларах, шаардлагагүй тохиолдолд гадуур явсан бол 11,000 австрали доллар /9604 ам.доллар/ хүртэл торгууль ногдуулах шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллага хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг чангаруулсан дэглэм 90 хүртэл хоног үргэлжлэх аж. Тус улсын эдийн засгийн өсөлт шинэ төрлийн коронавирусний улмаас 29 жилийн хугацаанд байгаагүйгээр саарч уналтад оров. Засгийн газраас “Covid-19”-ийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах үүднээс ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэх буюу 320 тэрбум австрали долларын /196 тэрбум ам.доллар/ өртөгтэй хямралын эсрэг хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрт цар тахлын улмаас ажилгүй болсон иргэд, байнгын оршин суугчдад 14 хоног тутамд 560-790 австрали доллар 6 сарын турш олгохоор заасан байна. Уг шийдвэр нь тус улсад оюутны болон бусад төрлийн визээр оршин сууж буй гадаадын иргэдэд хамаарахгүй аж.

Филиппин Улсад ядуу болон хүн ам олноор оршин суудаг орон нутгийн иргэд “хоол, хүнсний дутагдалд орж байна” хэмээн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагсаал хийж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте шаардлага биелүүлэхгүй жагсаж байгаа иргэдийг буудах тушаалыг цэрэг, цагдаагийн алба хаагчдад өгсөн байна.

БНЭУ-д “Covid-19” өвчний тархалтыг бууруулах зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоосон ч хэрэгжилт хангалтгүй байна. Хөл хорио тогтоосны улмаас ажилгүйдлийн түвшин 14.6 хувиар өсч, 23.4 хувьд хүрчээ. Тус улсын 21 хоногийн хугацаатай тогтоосон хөл хорио 04 дүгээр сарын 14-нд дуусах бөгөөд халдварын тархалт ихтэй муж, хотуудад энэ арга хэмжээг сунгах магадлалтай байна.

Япон Улс томуугийн эсрэг “Авиган” эмийн үйлдвэрлэлийг ойрын хугацаанд 3 дахин нэмэгдүүлж, нөөцөө өсгөх гэж байна. Ингэснээр өвчний халдвар авсан 700 мянга орчим хүнийг эмчлэх боломжтой болох аж. Тус улсад “Авиган”-г “Covid-19” өвчний эмчилгээнд ашиглахыг хэсэгчлэн зөвшөөрсөн. Уг эм томуугийн вирус биед үржихээс сэргийлэх үйлчилгээтэй юм.

Японы Засгийн газраас 04 дүгээр сарын 07-ноос 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Токио, Осака, Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока хот, мужуудын нутаг дэвсгэрт Онц байдал зарласан. Мөн эдийн засгийн хохирлыг бууруулах, өсөлтийг дэмжих зорилгоор 990 тэрбум ам.долларын багц гаргахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Дэгү хот болон Умард Гёнсан мужид “Covid-19”-ийн халдвар авч, эдгэрсэн 51 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус дахин илэрсэн байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үзэж байгаагаар эдгээр иргэдийн биед үлдсэн вирус дахин идэвхэжсэн байх магадлалтай бөгөөд шалтгааныг нь нарийвчлан тодорхойлохоор Дэгү хот руу мэргэжлийн баг илгээжээ. Тус улсад “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөний 24 цагийн зайтай авсан 2 удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эдгэрсэн гэж тооцож байгаа аж.

БНСУ-ын “Кореан Эйр” компани нийт ажилчдынхаа 70 хувийг 6 сарын хугацаатай чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас олон улсын нийт нислэгийн 90 гаруй хувь нь цуцлагдсан тул 04 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 15 хүртэл ийнхүү ажилтнуудаа чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн удирдах албан тушаалтнуудын цалинг хэвийн үйл ажиллагаанд ортол 50 хүртэл хувиар бууруулахаар болжээ.

Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орон (ОХУ, Армени, Белорусь, Казахстан, Киргиз)-ууд 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сонгино, сармис, манжин, цагаан будаа, гурвалжин будаа, амуу тариа, бүхэл үрийн гурил, шош, наран цэцгийн үр зэргийг экспортлохыг хориглов.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Premium Wordpress Themes by UFO Themes