ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ХӨРШ ОРНУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс орны хэмжээнд онц байдал зарлах, мөн орон даяар болон тодорхой нутаг дэвсгэрийг бэлэн байдалд шилжүүлэх эрх Засгийн газарт олгох тухай зарлигт гарын үсэг зурсан. Мөн “ажлын бус” өдрүүдийг 04 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж, тухайн нөхцөл байдалдаа тохирсон нэмэлт арга хэмжээ авах бүрэн эрхийг орон нутгийн удирдлагад олгов. Үүнтэй холбоотойгоор эрчим хүч, орон сууцны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчдэд торгууль, хүү бодохыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоригложээ.

Тэрээр мөн Москва хотын нөхцөл байдал хүндэрч байгааг онцолсон бол Москва хотын захиргаа хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тус хотод коронавирусээр өвчилсөн 2475 тохиолдлын 46 хувь нь 18-45 насны, 33 хувь нь 46-65 насны, 15 хувь нь 65-аас дээш насны, 6 хувь нь 80-аас дээш насныхан эзэлж байгаа аж. Москва хотод 2 эмнэлэг бэлтгэсэн бөгөөд Халдвар судлалын төв институтийн бүтээсэн коронавирусний эрт үеийн оношлуурыг Москва мужийн хэмжээнд худалдаанд гаргахаар болжээ.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян автозамын боомтоор халдвар импортлогдохоос сэргийлэхэд онцгой анхаарах чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн байна. Тэрээр иргэдийн хил нэвтрэлтэд тавих хяналтыг сайжруулж, “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хөрш орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэйг сануулсан байна.

БНХАУ “Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвар бүхий иргэдийг илрүүлэхэд чиглэсэн ажлыг идэвхжүүлж байна. Энэ хүрээнд “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, халдварын эрсдэл өндөр хүн ам, газар оронд чиглэсэн судалгаа хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн улсын хэмжээнд “Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвартай иргэдийг илрүүлэхэд анхаарч, илэрсэн тохиолдолд нэн даруй 14 хоног тусгаарлах, тусгаарлалтын хугацаа дуусах үед 24 цагийн давтамжтай нуклейн хүчлийн шинжилгээ хийж, хариу 2 дараалан “сөрөг” гарсан нөхцөлд тусгаарлалтаас гаргах шаардлага тавьж байна. Мөн шинж тэмдэггүй халдварын тохиолдол илэрсэн даруйд халдвар тархалтын судалгааг 24 цагийн дотор хийх ёстой аж.

БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Жүн Чанчин 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдээлэл хийхдээ “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хурдацтай сэргэж, үйлдвэрлэгчдийн 70 орчим хувь нь хэвийн ажиллагаанд ороод байна” гэв. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн 98.8 хувь нь сэргэжээ. Мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 8756 томоохон гол аж ахуйн нэгжийн 66.9 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйлдвэрүүд нийт хүчин чадлын 70 орчим хувиар ажиллаж байна.

БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас улсын хэмжээнд галт тэрэг, автомашины хөдөлгөөн хэвийн горимд орсныг мэдэгдэв. Тухайлбал, Хубэй мужийн Ухань хот 04 дүгээр сарын 08-ны өдрөөс агаар болон зам тээврийн хөдөлгөөнийг сэргээснээр Бээжингээс хийгдэх 200 гаруй дотоодын нислэг мөн сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 2 сарын турш тус хотод “гацаад” байсан иргэд Хятадын бусад муж, хотууд руу явах боломжтой болжээ.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Premium Wordpress Themes by UFO Themes