ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Гуравдугаар сарын 31-ны өдрийн 14:00 цагийн байдлаар 200 улс орон, нутаг дэвсгэрт нийт 785.777 хүн халдвар авч, 37.815 хүн амь насаа алдаад байна.

Дэлхийн улс орнууд цар тахлыг зогсоох гол арга нь халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хэмээн санал нэгдэж байна. Өнөөгийн байдлаар 35 орны 900 гаруй сая хүн хөл хорионд ороод байна.

Дэлхийн хэмжээнд 35 лаборатори шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа ч уг ажилд хамгийн багадаа 1 жилийн хугацаа шаардлагатай хэмээн ДЭМБ үзэж байна. Тухайлбал, ОХУ вакцины клиник туршилтаа 5-6 сарын дараа эхлүүлэх бол Австри Улс сүрьеэгийн эсрэг вакциныг “Covid-19”-ийн үед ашиглахаар туршиж байна. Өнөөгийн байдлаар улс орнуудад “Covid-19” вирусний эсрэг 39 төрлийн вакцин, 65 төрлийн эм туршиж байна. Герман, Швейцарийн эрдэмтэд “Covid-19” вирус нь “SARS”, “MERS”-тэй харьцуулахад спиртэнд тэсвэргүй бөгөөд 30 болон түүнээс дээш хувийн этанолын уусмалд устдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Судлаачид энэхүү туршилтыг лабораторийн нөхцөлд хийсэн тул иргэд согтууруулах ундааг ариутгалын журмаар хэрэглэж болохгүй хэмээн анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Premium Wordpress Themes by UFO Themes