Эболаг хүний цусны ийлдсээр эмчилж байна

2014.10.22

Эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга аймшигт өвчний эсрэг амжилттай байна. Иймд халдварын голомт Либери улс руу ийм цусны ийлдсийг их хэмжээгээр нийлүүлэх болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Эмч нарын тайлбарласнаар эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний биед өвчний эсрэг тэмцэх эсрэг биет үүсдэг гэнэ. Эболагийн голомт Баруун Африкийн гадна халдвар авсан анхны хүн Испани сувилагч цусны ийлдсээр эмчилгээ хийлгэснээр үхлийн аюулт өвчнөөс эдгэрсэн билээ.

Үүний зэрэгцээ эрдэмтэд ирэх нэгдүгээр сар гэхэд эбола вирусын халдварын эсрэг вакцин, эмийг гарган  авахаар ажиллаж байна. Эболагийн эсрэг хоёр төрлийн вакцин энэ оны сүүл гэхэд үйлдвэрлэлд бэлэн болох гэнэ. Эбола вирусын халдвараар олон улсад 4555 хүн амь үрэгдээд байгаа юм. Эбола вирус хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг, үхэлд хүргэх эрсдэл өндөртэй өвчин юм.

Эх сурвалж: ВВС

Premium Wordpress Themes by UFO Themes