ЭМГЭНЭЛ

emgenel

ЦОГТЫН ГЭНДЭНДАРЖАА

/1918-2015/

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Цогтын Гэндэндаржаа 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр таалал төгслөө.

Цогтын Гэндэндаржаа 1918 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн. 1939 оны Халх голын байлдаанд Хэрээ уулын заставт цэрэг, бага дарга, эмчийн үүрэгтэй оролцож, Зөвлөлтийн Улаан армийн хээрийн госпиталийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран шархадсан дайчдыг эмчлэх, байлдааны талбараас татан гаргах үүргийг онц сайн гүйцэтгэж байжээ. Дайны дараа хил тогтоох комисст ажиллаж офицер цол шагнагдан, Сангийндалайнотрядадтомилогдсон байна. 1945 оны чөлөөлөх дайны эхнээс мөн отрядын бүрэлдэхүүнд багтан Монгол-Зөвлөлтийн дайчдын хамт Манжуурын халуун рашааны чиглэлээр улсын хил давж, Барга, Өвөр монголын нутагт нуугдаж хоцорсон дайсны үлдэгдлийг ирүүлэх, нутгийн олны дунд ухуулга сурталчилгаа хийх тусгай үүрэг гүйцэтгэж байжээ.

Дайны дараа Хилийн цэргийн штабт эмнэлгийн албаны орлогч, ДЯЯ-ны эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Монгол Улсын Эрүүлийг хамгаалах яамыг хариуцсан аюулаас хамгаалахын ахлах төлөөлөгч, ДЯЯ-ны Лабораторийн дарга бөгөөд 1-р хэлтсийн үйлчилгээ эрхэлсэн орлогч даргаар тус тус томилогдон ажиллаж, их тэнгэрийн амны обьектуудыг хариуцан бариулах ажлыг гүйцэтгүүлж   байжээ.

Ц.Гэндэндаржаа аюулаас хамгаалах байгууллага, хил хамгаалахад 10 гаруй, төрийн тусгай хамгаалалтын албанд 35 жил ажиллах хугацаандаа БНМАУ-ын төр засгийн удирдагч агсан, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нарын үйлчилгээ, хамгаалалтын тусгай группүүдэд орлогч дарга, ахлах комиссараар алдаа эндэгдэлгүй ажиллаж, тэдний аюулгүй байдлыг бүх талаар хангахад өөрийн хүч авъяасаа зориулж ирсэн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хоёр дайны ахмад дайчин, Тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын түүхэнд мөнхөд дурсагдах гавъяат үйлстэн юм.

Улс орноо харийн дайснаас хамгаалах, аюулаас хамгаалах байгууллага алба хаагчид, нам, төрийн удирдагчдын аюулгүй байдлыг хангахад оруулсан түүний нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтангадас одонгоор 2 удаа, Байлдааны медаль, Бид ялав, Халх голын ялалтын 65 жилийн ойн медаль, БНМАУ-ын 25, 40, 50 жилийн ойн медалиудаар, Монгол Улс ОХУ-ын найрамдал, хамтын тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Найрамдал одон болон бусад медалиар тус тус шагнажээ.

Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан байх болтугай

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАДЫН ХОРОО

ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Premium Wordpress Themes by UFO Themes