Эртний монгол төрийн хамгаалалт

Хүн төрөлхтний түүхэнд омог аймаг үүсч цаашлаад улс гүрэн бүрэлдэж бий болсон үеэс удирдагч, толгойлогч, хааныхаа аюулгүй байдлыг ямар нэг арга хэлбэрээр хамгаалж ирсэн түүхтэй. Эртний Египет, Ром, Грек, Хятадад төрт улс үүсэхэд хамгаалалтын алба ч бий болсон гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Монголын төр, одоогоор мэдэгдэж байгаагаар 2220 гаруй жилийн түүхтэйн адил түүний төрийн тусгай хамгаалалт олон мянган жилийн түүхэн уламжлалтай дэлхийн эртний хамгаалалтын албаны нэг юм.

Энэ тухай эрдэмтэн Г.Сүхбаатар “Монголчуудын Эртний Өвөг” номондоо “Хүннүгийн Шаньюй хувийн ордтой мөн түм гаруй морьт цэрэгтэй байв.” гэж бичсэн байна. МЭ 1-ээс 3 дугаар зуунд Монгол нутагт байсан Сүмбэ нарын хаан өөрийн торгон цэрэг, армитай байжээ. Монгол Цэргийн Түүхийн Товчоон номонд “тэдний төрийн эрхтэн дархтнууд цөм их, бага цэрэг захирдаг” гэж бичсэн, Архангай аймгийн Тариат сумаас олдсон “Орхон” бичгийг эрдэмтэн судлаач М.Шинэхүү “Манаа, сахиул, торгон цэргийн тухай” гэж тайлж уншжээ. Эндээс харахад энэ улсад хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг цэрэг байсан байна.

Манай нэрт түүхч Ч.Далай, Ц.Дамдинсүрэн, Г.Сүхбаатар, М.Шинэхүү нар бүтээлүүддээ Монголд МЭӨ 3 дугаар зуунд омог, аймгийн толгойлогчийнхоо хамгаалалт үйлчилгээний ажил үүргийг тодорхой хүмүүс гүйцэтгэдэг байсан гэж санал нэгтэйгээр үзжээ.

МЭ-ний 4-өөс 6 дугаар зууны үед Монгол нутагт ноёрхож байсан Их Нирун улсын хаан  Шэлуны өргөө нь Хангай уулын хавьд байсан бөгөөд Амгай хаан ордны түшмэл цэрэг, хаалгач, бичгийн түшмэлийг томилж байжээ гэсэн түүхийн баримт байна.

МЭ-ний 6-аас 8 дугаар зуунд Монгол нутагт 200 гаруй жил ноёрхож байсан Түрэг улс өөрийн торгон цэрэгтэй байсан бөгөөд МЭ-ний 8-аас 9 дүгээр зуунд Монгол нутагт төр барьж байсан Уйгур улсын цэргийн зохион байгуулалт нь хааны торгон цэргээс гадна нутгийн овгууд тус бүртээ омог, цэрэг эртэй байсан бөгөөд тэд хаант улсаас явуулсан аян дайнд явах, тэдний эрхшээлд байсан ард иргэдийг харгалзан хянах үүрэгтэй байжээ.

МЭ-ний 9-өөс 11 дүгээр зуунд Монгол нутагт ноёрхож байсан Хятан улсын цэрэг зохион байгуулалтын хувьд хааны ордныг хамгаалах болон шадар цэрэгтэй,  жинхэнэ цэрэг хүн 3 морьтой, биедээ төмөр хуягтай, 4 нум, 400 сум, алх, урт, богино жад, шөвөг жижиг дарцаг, хэт цахиуртай байсан талаар сурвалжуудад тэмдэглэжээ.

Дээрхи улсуудын хамгаалалтын цэргийн зохион байгуулалт нь Хүннүгийн цэргийн зохион байгуулалтаас үүсэлтэй бөгөөд нэг нэгнээсээ шилдэг зүйлсийг нь уламжлан авч баяжуулан хөгжүүлсээр байсан байна. Эдгээр “Феодалын түрүү үеийн улсуудын” үед хамгаалалтын торгон цэрэг нь харьцангуй байнгын шинжтэй байсан ба зөвхөн хаан, эзэн ноёноо, тэдний орд өргөөтэй нь хамгаалдаг өөрөөр хэлбэл энэ үед шадар болон орон байрны хамгаалалтын хэлбэр байсан бололтой.

Premium Wordpress Themes by UFO Themes