Covid-19. Таны эрүүл мэнд таны гарт.

 

SARS-COV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) – нэг гинжит (+) РНХ-вирус ба уг вирус нь бетакоронавирусийн төрөлд хамаардаг юм. 2019 онд коронавирусын шинэ төрөл бий болсон ба одоогийн байдлаар уг вирусээр үүсгэгдсэн COVID-19 нэртэй халдварт өвчин нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрээд байна [1]. ДЭМБ 2020 оны 1 сард COVID-19 халдварт өвчний талаар дэгдэлт ихсэж байгааг мэдэгдсэн ба 3 сард энэхүү өвчин нь цар тахлын хэмжээнд очсоныг зарласан байна [2].   

Энэ вирус нь хүнээс хүнд агаар дуслын замаар халдаж цар тахлыг үүсгэж байна. Үүсгэгч вирус нь 120 нм хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу дээрээ титэм хэлбэрийн үзүүрүүдтэй бөгөөд энэ үзүүрүүд нь хүний эстэй холбогдох үүрэгтэй. Хүний эс дотроос уушигны цулцангийн эс буюу амьсгалд оролцдог эсүүдтэй амархан холбогддог. Нэгэнт холбогдвол цааш эс рүү нэвчин орж өөрийгөө хуулбарлах чадвартай. Хуулбарлагдан олон болсон вирус эсийг задлан гарахад уг үхсэн эсийг тойрч дархлааны эсүүд үрэвсэл үүсгэж, уушги үхжиж эхэлнэ. Чөлөөлөгдсөн вирусууд цааш дараагийн эс рүүгээ халдварлана. Энэ процесс нэг бол уг хүнийг үхэлд хүргэсэний дараа, эсвэл вирусийг дархлааны эсүүд дийлж устгасаны дараа дуусдаг. Вирусийн үүсгэж байгаа үрэвсэл нь хүндэрснээр амьсгалын дутагдалд хүргэж байгаа нь үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Үүнээс гадна уг үрэвслээр халууралт, сепсис буюу үжил үүсдэг нь бас хүндрэл дагуулж байна[3].

18 жилийн өмнө SARS өвчин дэлгэрэхэд түүний тээвэрлэгч нь сарьсан багваахай байжээ. Шинэ Covid-19 халдварт өвчний ДНХ нь SARS-Cov халдварт өвчинтэй 79,6% ижилхэн байна. Мөн сарьсан багваахайн коронавирусын ДНХ нь Covid-19 өвчинтэй 96% ижилхэн байгаа нь уг өвчин анх сарьсан багваахай хүнд халдсан байх магадлалтай гэж эрдэмтэд дүгнэжээ[4].

Корона вирусын халдвар авсан хүмүүст илэрч байгаа нийтлэг шинж тэмдэгүүд.

Үүнд:

  • Халуурах – 88%,
  • Хуурай ханиалгах -68%,
  • Ядарч сульдах – 38%,
  • Цэр гарах – 33%,
  • Амьсгал давчдах – 19%,
  • Булчин өвдөх -15%,
  • Хоолой өвдөх -14%,
  • Толгой өвдөх – 14%,
  • Бөөлжих – 5%,
  • Хамар битүүрэх – 5%,
  • Гүйлгэх – 4%.

Эдгээр үндсэн шинж тэмдгүүдээс гадна халдвар авсан хүмүүсийн гуравны хоёрт нь хэсэг хугацаанд амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдаж нэмэлт шинж тэмдэгүүд илэрч байжээ[5].

SARS-Cov-2 вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гараагүй ба судалгаа, шинжилгээний ажлууд дэлхийн олон улсуудад үргэлжилж байгаа болно.

Коронавируст халдвар (COVID-19) дэлхийн 203 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өнөөдрийн байдлаар нийт 858,669 хүн өвчилж, 42,152 хүн нас бараад байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь, Их Британи улсад халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд нас баралт 4,9%, эдгэрэлт 20% байна.

Коронавирусын халдвараар (COVID-19) бүх насны хүмүүс өвдөх боломжтой ба хөгшин, архаг өвчтэй (астма, чихрийн шижин, зүрхний өвчтэй) хүмүүс хүндээр өвдөх, нас барах өндөр магадлалтай байна. ЭМЯ бүх насны хүмүүст хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.

Өвчин туссан хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдал гадаадад ихээр байгаа ба энэ нь эргээд өвчнийг эрт оношлох хугацаа уртсах болон өвчин туссан хүмүүс эмчид хандах нь багасч, нууцалсаны улмаас халдварт өвчин илүү их тархах шалгаан болж байгаа учир, өвчин туссан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх нь зүйтэй юм.

Халдвараас өөрийгөө болон хамт олон, гэр бүлийнхнээ хамгаалахын тулд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжийг дагна уу.

Үүнд:

  1. Амны хаалт тогтмол зүүх
  2. Гараа байнга савандаж угаах, эсвэл спирт агуулсан шингэнээр цэвэрлэх
  3. Ханиах, найтаах үедээ ам хамраа дарах, нэг удаагийн салфетька хэрэглэх
  4. Халуунтай болон ханиаж найтаж байгаа хүнээс 2 метр-ээс их зайтай байх
  5. Ариутгаагүй гараараа ам, хамар, нүдэндээ хүрэхгүй байх
  6. Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
  7. Ханиад томуу хүрсэн шинж тэмдэг илэрвэл гэрээсээ гарахгүй байх
  8. Хэрвээ халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлан амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  9. Түүхий мах, өндөг хэрэглэхгүй байх, сайтар болгож хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  10. Цэвэр агаарт гарах
  11. Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  12. Ариун цэврийн өрөө, суултуур, шалыг халвдаргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
  13. Цонх салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож, агааржуулалт хийх
  14. Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  15. Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
  16. Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх

Эх сурвалж.

  1. https://bestpractice.bmj.com/topics/en-gb/3000168/pdf/3000168/COVID-19.pdf
  2. https://www.who.int/docs/default-source/coronaviruse/situation-reports/20200128-sitrep-8-ncov-cleared.pdf?sfvrsn=8b671ce5_2
  3. https://zindaa.mn/364j
  4. https://www.nature.com/articles/s41591-020-0820-9
  5. https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/about/symptoms.html

ХТДША

Premium Wordpress Themes by UFO Themes